Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам /LDP/ цөөнхийн суудалтай Японы Инновацийн Нам /JIP/-тай эвсэх тохиролцоонд хүрчээ. Ингэснээр эрх баригч намын дарга Санаэ Такаичи ерөнхий сайд болох буюу Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болох боломж бүрдлээ. Хоёр намын удирдлагууд даваа гаргийн орой Токиод уулзаж, эвслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар доод танхим дахь JIP-ын 35, дээд танхимын 19 гишүүн өнөөдөр болох ерөнхий сайдыг томилох санал хураалтад Такаичид саналаа өгөхөөр болов.
Гэрээнд гарын үсэг зурсны дараа Такаичи эдийн засаг, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал гээд аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал хэмээн онцлоод “Энэ бол том алхам. Бид Японыг урагшлуулахын төлөө тууштай ажиллана” гэж мэдэгджээ.
JIP-ын дарга, Осака мужийн захирагч Хирофүми Ёшимүра “Бидний үнэт зүйл ижил. Бидний үр хойч “Би Японд төрснөөрөө бахархаж байна” гэж боддог байгаасай” гэсэн байна. Такаичи эвслийн Засгийн газрын хүрээнд JIP-д хэд хэдэн сайдын суудал санал болгож байгаа ч тус нам одоогоор татгалзсан байр суурьтай байна. Хоёр нам эдийн засаг, гадаад бодлого, эрчим хүч, улс төрийн шинэчлэлийг хамарсан долоон хуудас бүхий бодлогын гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнд Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тоог 10 хувиар бууруулах, шатахууны түр татварыг хүчингүй болгох зэрэг заалтууд багтжээ.
Мөн тэд Японд хоёр дахь нийслэлийг байгуулах асуудлыг хэлэлцэх зөвлөл байгуулахаар тохирсон бөгөөд JIP-ын Осакаг хоёр дахь нийслэл болгох санал тусгагдсан аж. Холбогдох хуулийн төслийг ирэх оны эхээр болох парламентын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөжээ.





