Уэльсийн ханхүү Уиллиам хаан болмогцоо хаант засаглалд шинэчлэлт хийнэ гэдгээ нэгэн ярилцлагынхаа үеэр дурджээ. Ингэж ярьсан нь түүний урьд өмнөх ярилцлагуудаасаа хамгийн нээлттэй байсан тохиолдол болж байна.
Тэрбээр “Өөрчлөлт миний төлөвлөгөөнд бий. Үүнийг айдас биш боломж гэж хардаг. Эрс шийдэмгий биш ч шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх нь надад урамтай байдаг” хэмээн ярив.
Мөн ханхүү Уиллиам уламжлалыг хүндэтгэдэг ч хаант засаг өнөө цагийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг мэдэж байх шаардлагатайг онцолсон байна. Ханхүү жүжигчин Южин Левинд хааны ордныг танилцуулангаа гэр бүлийнхээ тухай ч нээлттэй ярьсан байна. Түүний гэргий болон аав нь хорт хавдраар оношлогдож, ямар хүнд цаг үе байсан талаар ярьжээ. Тиймдээ ч өөрөө хүүхдүүдтэйгээ маш нээлттэй ярилцдаг бөгөөд тэдний бахархах нийгмийг бүтээхийг хүсдэг гэдгээ дурдсан байна.





