Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэгдлээ. Энэ шийдвэрийг БНХАУ-ын Ханжоу хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар баталгаажуулсан байна.
Хурлаар Хомын талын байгалийн цогцолборт газартай хамт Албани, Ангол, Исланд, Тажикистан, Этиоп зэрэг 20 орны 25 газар дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд нэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын ЮНЕСКО-д бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 12 болж нэмэгдлээ.
Хомын талын байгалийн цогцолборт газар нь 2020 онд 411,403 га талбайтайгаар улсын тусгай хамгаалалтад орсон. Энэ газар нь Монгол орны говь хээрийн бүсийн өвөрмөц тогтоц, сийрэг ургамалжилт бүхий хуурай хээр, цөлжүү хээр, хар нуур ба Дөргөн нуурын эргийн зэгсэн шугуй, Завхан голын хөндийн үржил шимт нуга зэрэг байгалийн олон янз байдлыг хадгалсан газар юм.
Тус сүлжээнд нэгдсэнээр олон улсын ач холбогдол нэмэгдэх, хадгалалт хамгаалалт сайжрах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах боломжтой болдог. Мөн нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжих аливаа арга хэмжээг ЮНЕСКО-гаас дэмжиж, бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээнд оролцсоноор хамтын ажиллагаа, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Францын Тахь хамгаалах холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн судалгаанд үндэслэн, Хомын талыг тахь сэргээн нутагшуулах Монгол орны гурав дахь газар болгон сонгож байсан юм.





