нэр төр улс төр

ЯЛАГДАЖ БОЛНО, БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ

МАН-ын Бага хурал маргааш хуралдана. Намын даргаа сонгоно. Энэ намын даргын асуудал бол энэ намын дарга нарын хэлж байгаачлан энэ намын дотоод асуудал биш. Монгол даяарын асуудал. Учир нь энэ нам бол Монголын улс төрийн талбай дээр үнэмлэхүй ноёлон тоглогч. Сонгуульд ялагдашгүй сүлжээ, бүтцийг байгуулж чадсан нам. Ийм ч учраас энэ намын даргаар хэн гарч ирэх нь улс орны хувь заяаны асуудал юм.

Үе хоорондын болон фракц, бүлэглэл хоорондын хурц зөрчил, хэрүүл тэмцлийн дундуур ялагдашгүй намын даргын асуудал өрнөж байна. Хэрүүлийн сэдэв нүүрсний хулгай. Бас дээрээс нь аллагын хэрэг ч нэмэгдэх нь бололтой. Намын нарийн бичгийн даргын баривчилгаагаар эхэлсэн энэ асуудал Д.Амарбаясгалангийн намын даргад өрсөлдөхөө зарласан мэдэгдэл, Б.Энхбаярын оролцсон “Лхагвын тойм”, Д.Амарбаясгалангийн хэвлэлийн мега хурал, өнөөдрийн хувьд П.Раднаасэдийн бичил хэвлэлийн хурлаар үргэлжилж байна. Үйл явцыг тоймлон харвал Д.Амарбаясгаланг “бууж өг” гэсэн тулгалт, хариуд нь түүний “тултал үзнэ” хариултаар тулаан өрнөж байна.

Бууж өг гэдэг тулгалт, шаардлага бол тохиролцоё гэсэн санаа, тултал үзнэ гэдэг бол тохиролцохгүй гэсэн хариулт. Тэгэхээр МАН-ын ахмад болон дунд үеийнхний У.Хүрэлсүхийн дор жагссан эвсэл, Л.Оюун-Эрдэнийг дагасан залуу МАН-ын бүлэг хоёр нэгэн нарны байх аргагүй болжээ гэсэн үг.

Хэрэв Д.Амарбаясгалан ах нарынхаа шаардлагыг хүлээн авч бууж өгвөл намынхаа нэр хүндийг шороотой хутгаж Монголын улс төрд ноёлох байр суурийг нь ганхуулах аюулд оруулна. Харин тултал үзээд ялсан ч, ялагдсан ч намынхаа нэр хүндийг аваад гарна. Ирэх сонгуульд ялах боломжийг нээнэ. Тиймээс ялагдаж болно, бууж өгч болохгүй.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *