Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5-р баг Сайхан мод гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190км, сумын төвөөс хойд зүгт 30км/ 2025.09.17-ны өдрийн 16:30 цагт мод бэлтгэж байсан иргэний 2 нас гарантай хүү машиндаа унтаж байгаад аав, ээжийгээ түр холдсон хойгуур алга болсон тухай дуудлагыг 2025.09.17-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан.
Аврах ажиллагаанд Орхон, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллага, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цэргийн штаб, мөн аймгийн Мөрөн, Тариалан сумын мэргэжлийн анги, сайн дурын иргэд, нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор 4 бүлэгт хуваагдан хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан ч амжилтад хүрсэнгүй. Хүү алга болоод ес хонож байна.
Хүүг эрэн хайх 9 дэхь өдөр. Найм дахь өдөр ар гэрийн хүсэлтээр эрлийн багийн холын хүмүүсийг буцааж, Хөвсгөл аймгийн онцгой байдал, цагдаа, төрийн албан хаагчдын баг үлдэж, 72 цаг үргэлжлүүлэхээр шийдсэн. Өнөөдөр хүүгийн цогцосыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын снутаг буюу анх алга болсон гэх байршлаас 3-4 км зайтай газраас олжээ.





