дэлхийн анир

НАВАЛЬНЫЙГ ХОРДУУЛЖ АЛСАН БОЛОХЫГ ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОГТООЖЭЭ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч, Путиныг шүүмжлэгч нэгэн болох Алексей Навальныйг хордуулж алсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон гэж эхнэр нь мэдээллээ. Тодруулбал Алексей Навальный 2024 оны хоёрдугаар сард хоригдож байсан шорондоо учир битүүлгээр нас барсан. Эхнэр Юлия Навальнаяа нь түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин буруутай гэж олон удаа мэдэгдэж байв.

Гэвч өнөөдрийг хүртэл Кремлиэс түүний мэдэгдлийг утгагүй зүйл хэмээн үгүйсгэж ирсэн.

Навальнаяа “X” цахим хуудаст байршуулсан бичлэгтээ “Навальныйгийн биологийн дээжийг нууцаар хил давуулж, хоёр ч лабораторид шинжлүүлсэн. Түүнийг хордуулсан нь дээрх шинжилгээнүүдээр тогтоогдсон. Хоёр өөр улсын лаборатори ижил дүгнэлтэд хүрсэн. Алексейг алсан. Түүнийг минь хордуулсан” гэсэн байна. Гэхдээ ямар төрлийн хор байсныг дэлгэрэнгүй мэдээлээгүй бөгөөд Навальнаяа хоёр лабораторийг дүгнэлтээ нийтэд ил болгохыг шаардаж байгаа гэв.

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос тодруулахад тэрбээр “Тайлбар хэлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Навальныйг хэт даврагч байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ялаар шийтгэж, Оросын хамгийн чанга дэглэмтэй шоронгийн нэгд шилжүүлэн хорьж байсан юм.

Эх сурвалж: Reuters

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *