улс төр

НҮҮРСЭНД ХУТГАЛДСАН ТӨР ЁС

Улс төрийн аливаа эсэргүүцэл, жагсаал, хувьсгалт хөдөлгөөний уриа нь тэдний зорилго, хүрээ цараа, үзэл онолын түвшинг тодорхойлж байдаг зүйл. Непалын хөдөлгөөн нь “Хааны засаглалыг сэргээе”, “Төрийн албаны цус ойртолтыг хязгаарлая” гэсэн уриатай байна. Тогтолцооны өөрчлөлт харсан том урианууд, том үзэл санаа ч явж байна.

“Хувьсгалт тэмцэл”-ээр дүүрэн өрнөж байдаг Монголын маань улс төрийн маань эсэргүүцэл жагсаалын уриан юу байдаг билээ гэж бодоход эрхгүй хүргэв. Домог түүхт 1990 онд бол ” Улс төрийн товчоо огцор”, “Тусгай хангамжийг халья” гэх уриануудаар эхэлж байжээ. Харин 2008 оны 7 сарын 1-нд жагсагчид “Ху нам зайл” хэмээн хоолой нийлүүлж байсан. Уг уриаг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч Ху нам гэх МАХН-н нэрийг МАН болгох ажиллагааг гардан удирдсан нь саяхны түүх. 7 сарын 1-ний жагсаал сонгуулийн үнэмшимгүй дүн буюу одоогийн МАН, тэр үеийн МАХН-ын үнэмлэхүй ялалтад гэнэтийн цочролд орсон олон нийтийн урьдчилан зохион байгуулагдаагүй нэгдэл байснаараа шинжээчлийн хэлээр оригиналь жагсаал байсан гэж болно.

Тэгэхээр У.Хүрэлсүх оригиналь жагсаалын оригиналь шаардлагыг оригиналаар биелүүлж намынхаа түүхэн нэрийг сэргээн, хүндтэй гавьяаг байгуулсан гэсэн үг. Ху нам гэх хуучин нэрээ сэгсэрч хаясан МАН-ын ард олигархи бүлэглэл Монголын улс төрийн талбар дах ноёрхлоо хадгалан үлдэж чадсан юм.

Тэмцэл, ялалтын түүх үргэлжилж өчигдарт ирэхэд Нүүрсний жагсаал гэдэг шинэ үйл явдал Монголын улс төрд үзэгдээд өнгөрөв. Олон нийтийн бодит эсэргүүцэл байсан уу гэвэл байсан, үл үзэгдэх гарын үл үзэгдэх оролцоо ч бас байсан уу гэвэл байсан. хагас оригинал хагас тавилттай жагсаал. Жагсаалын уриа “Нэрсийг зарла” байлаа. Энэ жагсаалын цар хүрээг улс төрийн эсэргүүцэл болгохгүйгээр бүдэг бүрхэг эрүүгийн хэргийг эсэргүүцсэн эсэргүүцэл болгон хумьж байсан юм. Яг энэ яруу найрагч У.Хулан “Манжийн дарлалыг сэгсрээд хаяж болсон юм, МАН-ын дарлалыг сөхөөд босч болох л байлгүй” нийгмийн сүлжээнд жиргэж, жагсаалын цар хүрээ, үзэл санаанд нөлөөлөхүйц үйлдэл хийсэн юм. Үл үзэгдэх гарын хяналтаас гарсан бөөгнөрсөн тэр их хүч, бөөгнөрсөн олон Ц.Хуланг удирдагчаар хүлээн авахад бэлэн байсан юм. Маргааш нь шахуу баривчилсан даа.

“Ажлаа хий” гэх мэт жижиг сажиг жагсаалаар түүх үргэлжилсээр өнгөрсөн хавар хамгийн сайн “зохион байгуулалт”-тай “Огцрох амархан” жагсаал болов. Жагсаалын зорилго нь ЗГ нь улсынхаа нэгэн том компаниас хууль бусаар эзэмшиж буй ордыг нь эргүүлж нийтийн өмчлөлд авах гэсэн учраас Ерөнхий сайдыг огцруулах явдал. Уриагаар заагдсан зорилго төлөвлөлтийн дагуу дорхноо биелсэн. Монголчууд ангайгаад, дэлхий дахин шоолон инээгээд өнгөрсөн дөө. Нээрээ л ямар юмны улс төрийн эсэргүүцэл, жагсаал, хөдөлгөөн энэ тэр байхав дээ. ЗГ нь нэгэн компанитайгаа орд булаалдсан тогоо шанаганы хэрүүл хийгээд дийлдсэн л асуудал.

Ингээд харахаар Непал дах хэрэг явдал бол урианаасаа авахуулаад манай жагсаалуудын хажууд жинхэнэ Үндэсний хувьсгал юм байна. Төр ёсны эртний уламжлал, түүгээрээ бахархах бахархал маань нүүрсэнд хутгалджээ. Одоо харин “Олигархийн засаглалыг унагая” гэсэн урианд монголчууд нэгдвэл бидний эртний ТӨР ЁС нүүрсэнд хутгалдаагүй гэж санаа агуулах сан.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *