Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг уламжлал бий. Тодруулбал, “Өмгөөлөгч -Танд тусалъя-2025” өдөрлөгийг 09-р сарын 03-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн 50 гаруй өмгөөлөгчид, 15 гаруй хуулийн этгээд оролцож, 450 гаруй иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэв.
Мөн Хууль зүйн туслалцааны төв, Монголын Олон Улсын Арбитр, Монголын Нотариатчидын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж, хууль зүйн туслалцаа, төрийн үйлчилгээг нэг дор авах боломж бүрдсэнээрээ үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Угаас өмгөөлөгч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульч мөн. Хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ. Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчдээ үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааг өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа нь зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу өмгөөлөл гэсэн төрөлтэй.
Ардчилал, хүний эрх, үндсэн хуульт ёс гэх зэрэг нийгмийн үнэт зүйлсийг болон үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх бүхий байгууллага болон шүүхэд төлөөлөн хамгаалж байдаг хүн бол өмгөөлөгч юм. Тийм ч учраас Францын хуульч Андре Мари Жан Жак Дюпен *Улс орон эр цэргүүдээрээ төдийгүй өмгөөлөгчдөөрөө хамгаалагдаж байдаг* гэж хэлжээ. Энэ утгаараа “Өмгөөлөгчийн ажил мэргэжил нь хууль зүйн мэргэжлийн асар их ур чадварыг шаарддаг, хүний төлөө чин санаа тавьдаг, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийн төлөө өөрийгөө ч золиослодог ажил мэргэжил юм.





