Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох талаар мэдээлэл хийлээ.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров:
-“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн.
Монгол Улс энэхүү тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 14 баг баг оролцоно. Зохион байгуулагч улс давуу эрхээр манай улсаас хоёр баг оролцоно.
Үндсэн тэмцээн Ням гаригт Асса Арена-д үнэ төлбөргүй болно. “Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан. 2019 онд анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаврыг биелүүлж байсан.
Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутан залуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15х8 харьцаатай, сагсны шийдийн өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно. “Робокон” нь зөвхөн тэмцээн юм шиг боловч хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн боловсролыг сурталчлах чухал ажил байдаг.





