нийгэм, соёл

НЭГ ИВАН ИРЖЭЭ, МОНГОЛД…

Нэг “Иван” иржээ, Монголд. Дорноговиор доншуучилж, Улаанбадрахаар эргэлдэж, ураны цацрагийн хэмжээ судалж байгаагаа олон нийтийн цахим сүлжээнд нийтэлж, мань эр. Уг нутагт аж төрөх хүүхэд, хөгшдийн цуснаас шинжилгээ авч, хариуг нь харуулж, хардлага сэрдлэгэд автамтгай ард иргэдийг айдаст автуулан, уран хор уршигийн талаар бяцхан сургалт ч явуулж амжсан харагдана билээ. Хэн болохыг нь хичээнгүйлэн танадваас ОХУ-ын иргэн  Алексей Ожаровский гэгч аж. Тэрбээр жуулчны визээр орж ирээд, Монгол-Францын хамтарсан ураны төслийн талаар сайн дураар мэт шинжлэх ухааны болон бодит байх боломжгүй суртал ухуулга явуулж байна. Эх сурвалжийн мэдээлснээр мань хүн албан нэрээ нууцалсан ТББ-ын албан урилгаар, жуулчны визээр орж ирсэн гэх юм билээ.

Тэгээд ураны хордлогын хэмжээг шалгаж, Украйны Чернобылийн хохирогчтой адил хэмжээний цацраг идэвхит бодисод хордсон хордлого илэрлээ гэж байна. Манайхан шагшин шуугив. Мардайгаас эхлээд Улаанбадрахыг хараан зүхэв. Зүхэцгээж, шагшин шуугиж л байна. Москвагийн Инженер-Физикийн Институт (одоогийн Үндэсний Цөмийн Судалгааны Их Сургууль – МИФИ)-ийг инжинер-физикч мэргэжлээр төгссөн. Гэхдээ цөмийн физикийн салбарт эрдэм шинжилгээний ажил хийсэн, эсвэл мэргэжлийн байгууллагад ажилласан тухай  баримт даанч алга. Гагцхүү иргэний нийгмийн хөдөлгөөн, анти-нуклеар үйл ажиллагаа явуулдаг байсан мэдээллүүд л байгаа тухай баттай гэж хэлж, үнэлж болохуйц эх сурвалжуудаас харж болж байна.

Ингэхэд бид түүнд итгэж болох уу. Мөн манай улсад уран олборлолт ямар түвшинд яригдаж, явагдаж байгаа билээ гэх асуулт зүй ёсоор тавигдаж буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Одоогоос яг 7 сарын өмнө буюу 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын  Орано Майнинг С.А.С  хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд гарын үсэг зурав. Оюутолгой төслийн дараа орж буй гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтын гэрээ ийнхүү үзэглэгдэж, Монгол Улсын эдийн засагт том өөрчлөлт орох чухал гэрээ ийнхүү зурагдсан түүхэн өдөр тохиож байна гэх мэдээлэл хэвлэлд бичигдэн үлдсэн.

Хэдийгээр ураны төслийг ярьж эхэлсэн хугацаа олон жилийн түүхтэй ч ажил хэрэг болсон цаг хугацаа нь хоёр жилийн гаруйн өмнөөс эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж, ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын эхлэлийг тавьж, тухайн үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж байв. Дэлхийд уран үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын “Орано” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Ажлын хэсгийг 2023 оны тавдугаар сард байгуулж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, хоёр талын ажлын хэсэг олон яриа хэлцэл, ажил хэргийн ард гарсны үр дүнд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан гэсэн үг.

Мэдээж эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймдээ ч хардлагыг зогсоох, баримтыг магадлах иргэд болон иргэний нийгмийн байгууллага, хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус зөвлөл ч байгуулагдсан. Түүнчлэн олборлолтыг цацраг идэвхит ашигт малтмалын цөмийн болон цацрагийн шинжилгээ хийх, хөрс, ус, агаарын бохирдолд шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборторийг орон нутагт байгуулсны дараа эхлүүлэхээр тохиролцож чадсан. Одоо лаборторитй болох ажил явагдаж байгаа гэсэн үг л дээ. Үүнээс өмнө ураны хордлогыг бид хэмжиж, шалгадаг байгаагүй гээд ойлгочихоорой.  Улсын хэмжээнд анхных нь гэж болно. Товчхондоо өнөө хордож үхээд байсан мал, энэ тэр бол ургийн гажиг уу, цус ойртолт уу, эсвэл үнэхээр уранаас улбаатай хордлого уу гэдгийг өнөөдрийг хүртэл эцэслэн магадласан зүйл огт байхгүй.

Угтаа уран Улаанбадрах суманд хийгдэх Монгол-Францын хамтарсан ураны Зөөвч-Овоо төслийг 44 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Оюутолгойгоос хойш Монгол Улсад хийх гэж буй хөрөнгө оруулалтын хоёр дахь том гэрээ гэдгийг дахин тодотгоё. Энийг эсэргүүүцэх ашиг сонирхол хэнд хамгийн их бий вэ. Малчид бэлчээр гэмтэх бий вий гэх айдастай байх нь дараагийн асуудал. Нийт олноор нь ухуулан эсэргүүцэж гацаах нь хэний эрх ашиг вэ гэдэг өнцгөөс лавлаад харчихаарай.Ойлгомжтой биш гэж үү? ОХУ-д эрчим хүчний салбарт гол тоглогч байх сонирхол өндөр бийг…

З.УРАНСҮХ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *