-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН С.Б.АЯР НҮҮР НОМОНДОО ИЙН БИЧИГЛЭЖЭЭ-
Хотын төвд хаа нэгтээ автобус шатаад зогсож байдаг байв. Энэ бол ашиглалтын хугацаа нь дууссан, арлын дугаарыг нь сольсон автобус шатаад зогсож байгаа хэрэг. Юу гэсэн үг вэ гэвэл хуучин автобусны арлын дугаарыг сольж дахин худалдан авалт хийсэн гэсэн үг. Микроны боссууд нийтийн тээврийн хамгийн ашигтай шугамуудыг авлигадаж мафижуулсан, парк шинэчлэл хүний нөөц НОЙЛ, жолооч нар нь кабиндаа тамхи татна, иргэдтэй зүй бус харьцна, дэмбээднэ. UBMoney картны үлдэгдэл хаашаа ордог нь бүү мэд гээд, энэ хотын нүүр царайг илтгэсэн дүр зураг саяхных, хоёрхон жилийн өмнө. Нийтийн тээвэр ийм л байлаа.
Автобуснаас буугаад халуун хүйтэн харшиж ханиад хүрэв. Энэ автобус чинь ямар халуун юм гэж өнгөрсөн өвөл нэгэн иргэн нийтийн тээвэрт гомдол гаргасан байна. Өнөөдөр зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан, үнэгүй өндөр хурдны интернэттэй, соёлтой үйлчилдэг жолоочтой, аль ч банкны картаа уншуулаад орчихдог, дэмбээгүй сайхан, цэвэр цэмцгэр сайхан автобусаар иргэд үйлчлүүлж байна.
Энэ хотод чинь бүтэн зам үлдсэнгүй гэцгээж байсан нь бас л хоёр жилийн өмнө. Хамаг машин эвдрээд дууслаа, миний машины эвдрэлийг хэн төлөх юм гэхчлэн гомдолцгоодог байв.
Улаанбаатар хот 2024-2025 онуудад 233км авто замыг шинэчлэн засварлах ажил хийж амжуулав. Хэдэн жилдээ л хэл амгүй байх байлгүй. Полимер Битүм ашиглах стандарт руу шилжив. Полимер гэдэг нь хар үгээр резинийн орц өндөр буюу халуун хүйтэнд илүү тэсвэртэй гэсэн үг. Улаанбаатар хот 2012-2025 он хүртэл жилд дунджаар 27км зам засаж байсан гэсэн тоо байна. Тэгвэл өнгөрсөн хоёр жилд даруй 10 дахин их зам засав. Замын компаниуд “фулл” ажилтай. Ар гүнтээр давж байгаа жолооч нар, ээ гялай минь янзын сайхан байна л гэнэ.
Дахин төлөвлөлт нэрээр нэг хоёр, нэг хоёр айлын газар чөлөөлж, нэг хоёр, нэг хоёр барилгын компанид зөвшөөрөл өгч Натур, Дөлгөөн нуур, Яармаг гэх мэт ямар ч төлөвлөлтгүй хотхон хорооллууд сүндэрлэв. Энэ маягаар цааш явсан бол би лав энэ хотоос зугтаах байв.
Улаанбаатар хот Сэлбийн дагуу түүхэндээ анх удаа нэг дор 160 га газар 2 000 айлын газар чөлөөлж 20 минутын хотын концепцоор 10 мянган айлын орон сууц барих ажил аль хэдийнэ гараанаас гарчээ. 2 000 яндан, нүхэн жорлон байхгүй болгож, залгуулаад 10 000 мянган яндан нүхэн жорлон байхгүй болгох гэж байгаа юм биш үү. Энэ чинь утаа агаарын бохирдлоос дунд хугацаанд ангижрах бодлого.
Хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаад гээд тогийг чинь унтраачихдаг байв. Бас л хоёр жилийн өмнө байх. Олон улсын жишгээр хоёр жил баригддаг 50мв-ын батерей станцыг хоёрхон сарын дотор угсарчихав. Бөөрөлжүүтэд дамжуулан зээл олгоод 150мв-ыг ашиглалтад оруулж, 200мв-аар өнгөрсөн хугацаанд 5,6 сая киловат цахилгаан төвийн шугаманд нийлүүлжээ. Угтаа бол эрчим хүчний сайдын хийх ажил.
С.БАЯР





