Монгол Улсын Хуульзүйн сайд аа, толгойлж буй яам чинь бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллах чиг үүрэгтэй. Хэрэг ярих ёстой гэсэн үг. Яах вэ, чимээгүй сэмхэн, өндрөө авсан улс төрийн карьераа үргэлжлүүлж асуудлаас бултаж, сугараад, уснаас хуурай гарч болох л байх.
Үнээн, МАН Хуульзүйн сайдын албан дээр гал унтраагч улстөрчөө тавьжээ. Хүнээ олох юм даа …гэх олны шүүмжийг эсэргүүцэх эв өнцөг харагдахгүй байгаа нь… Сонирхуулахад, насаараа намбайна гэдэг шиг аядуу аажуухан гэтсээр өдгөө Монгол Улсын Хуульзүйн сайд болсон Л.Мөнхбаатарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга байхдаа цахим бүртгэл гэх нэрийн доор хар хайрцгаар санал луйвардах ажлыг гардан хийсэн гэх яриа бас бий.
Түүгээр ч үл барам 2009-2011 онд УБЕГ-ын дарга, Улсын ерөнхйи бүртгэгчээр ажиллаж байхдаа баталгаажуулсан балаг нь өнөө хэр сонгуулийн дүнг будлиантуулах гол дата болдог гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас сонсож явсан удаа бий. Ингэхэд Г.Занданшатар сайд, бүр тодруулбал МАН-ынхан өмнөх сайдыг эмхэлсэн ажлыг царцаах зорилгоор өөрийг тань тавьсныг захын тэнэг ч гадарласан. Эс бол та бодлого ярина гэж хөөрөхөөсөө илүүтэй хэрэгжилтэд анхаарна гээд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг батлуулж, хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулбал яасан юм бэ?





