Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-нд сэтгүүлчидтэй уулзав. Тэрээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийн зорилгыг ингэж тайлбарлав.
-Би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажилласан. Энэ ажлыг би сайн мэднэ. УИХ-ын гишүүний нэр хүндэд халдах, хэн нэг хүнийг эргүүлэн татах, парламентын дархлааг унагаах санаархал, зорилго надад байхгүй. Би өмнө нь УИХ-д хэд хэдэн удаа хаалттай хуралдаанд оролцож, хууль тогтоогчдын ёс зүйн асуудлыг хөндөн ярьсан. Хаалттай хуралдаан байсан тул олон нийт мэдэхгүй. Өмнө нь би УИХ-ын гишүүн байхад хөдөөгүүр явахад иргэд их сайхан угтдаг, биднийг сонсдог байв. Гэтэл одоо 126 хулгайч гэх боллоо.
УИХ-ын гишүүн бааранд зодоон хийх нь зөв үү? Чуулганы хуралдаандаа суухгүй байна. Иймд би хуулийн төсөл боловсруулж, өргөн барив. Олон нийт дэмжихгүй бол татаж авч болно. Бид ёс зүй, хариуцлагын талаар ярих цаг болсон. Гал морин жилд ёс зүйн хувьсгал хийнэ.
Энэ хууль эргэж үйлчлэхгүй тул УИХ цаашид ёс зүйтэй, хариуцлагатай байх шаардлагатай. Түүнээс хэн нэгний өнгөрсөнд хийсэн алдааг одоо цаг руу авчран шүүх гээгүй. Энэ хуулийг баталснаар дараа дараагийн хууль тогтоогчид илүү анхаарал болгоомжтой байж, яавал эргүүлэн татагдах вэ гэдгээ мэддэг болно.
Энэ хууль парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь бүх хэлэлцүүлгийг нээлттэй явуулж, эргүүлэн татагдахад хүрсэн УИХ-ын гишүүнд үгээ хэлэх боломжийг олгосон. Хэд хэдэн шат дараатай хурлын дараа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Түүнээс шууд л бүрэн эрхэд нь халдах мэтээр буруу ойлгосон байна.
Би хаан болохгүй. Хааны ажил их хэцүү гэдгийг Бутан, Японы эзэн хаадын манай улсад хийсэн айлчлалаас харсан, мэдэрсэн. Хаан болох нь хүсэх зүйл биш” гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр энэ сарын 9-нд УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьсан.
Хуулийн төсөлд:
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа.
- УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэв.
УИХ-ын гишүүн ямар ТАНГАРАГ ӨРГӨДӨГ вэ?
УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм.
УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд “…авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж…” гэх нэмэлтийг АТГ-ын дарга З.Дашдаваагийн саналаар тусгасан юм.





