Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар энэ 3 дугаар сарын 21-ний өдөр ноолуурын дуудлага худалдаа, хөдөө аж ахуйн үзэсгэлэнг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулна.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн биржээс бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах болон хадгалах агуулах, үзэсгэлэн, зөвлөгөөн зохион байгуулах ажлын явцтай ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн танилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн “Үйлдвэр технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Т.Ихбаяр “Манай парк 6 га газартай. Гэхдээ хувийн хэвшлүүд газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах сонирхолтой байдаг. Ер нь аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа явуулахад газрын асуудал хүндрэлтэй байдаг. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх биш бодлогоор дэмжих нь л чухал” гэв.
Манай яамнаас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулж дуусаад байна. Цаашид төрөөс хувийн хэвшлийг газар олголт, дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, инновац ногоон хөгжлийн бодлого, төсвийн худалдан авалт, уул уурхайд ханган нийлүүлэлт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, экспортыг дэмжиж шинэ зах зээл нээж өгөх зэргээр дэмжих нь чухал гэдгийг салбарын сайд онцлов.





