Ойрх Дорнодод дэгдсэн дайны эдийн засгийн үр дагаврын талаарх болгоомжлол нэмэгдсээр буй энэ үед өнөөдөр буюу лхагва гарагт Азийн хөрөнгийн биржүүдэд томоохон уналт боллоо.
Өмнөд Солонгос
Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI өнөөдөр 698,37 нэгжээр буюу 12,06 хувиар унаж, 5093,54 гэсэн түвшинд хүртэл доошилжээ. 12,06 хувь гэдэг бол АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойших хугацаанд уг индекс нэг өдрийн дотор хамгийн их хувиар унасан тохиолдол юм. Түүнчлэн воны ам.доллартой харьцах ханш огцом унасан байна.
Үүний сацуу арилжаа хаагдах мөчид Сөүл дэх томоохон компаниудын хувьцааны ханш огцом унажээ. Тухайлбал, Samsung Electronics компанийн хувьцаа 11,74 хувиар унаж, 172 200 вон болсон бол түүний өрсөлдөгч болох бичил схем үйлдвэрлэгч SK hynix компанийн хувьцааны ханш 9,58 хувиар доошилж, 849 мянган вон болсон байна.
Түүнчлэн автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Hyundai Motor-ын хувьцаа 15,8 хувиар буюу 501 мянган вон хүртэл, Kia-гийн хувьцаа 14,04 хувиар буюу 156 700 вон хүртэл унажээ.
Хувьцаануудын ханш огцом унаж байсан тул арилжааг 20 минутын хугацаанд түр хаахаас аргагүйд хүрсэн байна.
Япон
Мөн өдөр Токиогийн хөрөнгийн биржид гол индексүүд 3-аас дээш хувиар унаж, сарын хамгийн доод түвшинд хүрлээ. Тухайлбал, Никкей индекс мягмар гарагтай харьцуулахад 2033,51 нэгжээр буюу 3,61 хувиар буурч, 54245,54 гэсэн үзүүлэлтээр хаагджээ. Эдийн засгийн бүх секторын үзүүлэлт унасан нь Ормузын хоолой хаагдсаны дараа нийлүүлэлт тасалдаж, нефтийн үнэ огцом өснө гэсэн болгоомжлолтой холбоотой хэмээн Киодо агентлагийн мэдээнд дурджээ.
“Азийн орнууд хэрэгцээт газрын тосныхоо 80-90 хувийг Ойрх Дорнодоос импортолдог тул үр дагавар нь илүү хүндээр тусна” хэмээн Tokai Tokyo Intelligence Laboratory Co. компанийн хөрөнгийн зах зээлийн шинжээч Шота Сандо дүгнэлээ.





