АНУ Иранд хийж буй цэргийн ажиллагааны үеэр хохирол амсаж, америк цэргүүд үрэгдсэн тухай АНУ-ын зэвсэгт хүчин албан ёсоор мэдэгдлээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн уг ажиллагааг олон нийт төдийлэн дэмжихгүй байгааг санал асуулгын дүн харуулж байна.
АНУ-ын зэвсэгт хүчний мэдээлснээр, Кувейт дэх цэргийн баазад гурван америк цэрэг амиа алдаж, таван цэрэг хүнд шархаджээ. Мөн хэд хэдэн цэрэг хөнгөн шархдаж, тархины доргилт авсан байна.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагаас хойш тус улсын нутаг дэвсгэр дэх 1000 гаруй байг онилж цохилт өгсөн байна. Тухайлбал, “B-2” үл үзэгдэгч бөмбөгдөгч онгоцоор газрын гүнд байрлах пуужингийн байгууламжуудыг устгасан ажиллагаа багтжээ.
Ерөнхийлөгч Трампын хэлснээр, Ираны цэргийн 48 удирдагч амь үрэгдэж, тэнгисийн цэргийн есөн хөлөг онгоцыг устгасан бөгөөд үлдсэнийг нь үргэлжлүүлэн устгана хэмээн тэрбээр онцолсон байна.
Мөн Ираны талаас өгч буй хариу цохилт АНУ-ын цэргийн хохирол дагуулж эхэллээ. Трамп ард иргэдэд хандан цаашид ч хохирол нэмэгдэх магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч АНУ хатуу хариу барина хэмээн мэдэгдсэн байна.
Ташрамд, олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр, АНУ-ын иргэдийн ердөө 25 хувь нь Ираны эсрэг цэргийн цохилтыг дэмжиж байгаа бол, 43 хувь нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Трампын гадаад бодлого дотооддоо хүчтэй шүүмжлэл дагуулж байгааг харуулж буй хэрэг юм.





