дэлхийн анир

ИРАНЫ ТАЛ НҮБ-Д АЛБАН ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи 2 дугаар сарын 28-нд АНУ болон Израилийн зүгээс Ираны эсрэг эхлүүлсэн гэж мэдэгдсэн цэргийн ажиллагаатай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн Зөвлөлийн даргад албан ёсоор захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа АНУ, Израилийн үйлдлийг “хууль бус түрэмгийлэл” хэмээн тодорхойлж, үүсээд буй нөхцөл байдлын бүх үр дагаварт бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж онцолсон байна. Мөн өдөөн хатгалгын шинжтэй үйлдлүүд нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг анхааруулжээ.

Ираны тал уг асуудлыг яаралтай хэлэлцэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хүссэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Харин АНУ болон Израилийн албаны эх сурвалжуудын байр суурь одоогоор тодорхой болоогүй байна.

Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Ирантай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргаж, тухайн өдөр Ойрхи Дорнодод өрнөсөн цэргийн хурцадмал байдлыг буруушаан, холбогдох талуудыг дайсагнасан ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалав.

Тэрбээр мэдэгдэлдээ, АНУ, Израилийн Ираны эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл, улмаар Ираны зүгээс бүс нутагт авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Нөхцөл байдлыг цаашид хурцатгах аливаа алхмаас зайлсхийхийг тэрбээр талуудад сануулсан байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга бүх гишүүн улсууд НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ чанд мөрдөх ёстойг онцоллоо. Тэрбээр НҮБ-ын дүрэмд “аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэх, заналхийлэх, эсвэл НҮБ-ын зорилгод нийцэхгүй бусад үйлдэл хийхийг тодорхой хориглосон байдаг” хэмээн дурдсан байна.

Олон улсын хамтын нийгэмлэг бүс нутгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд талуудыг яриа хэлэлцээ, дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийг уриалсаар байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *