дэлхийн анир

ЯПОН” ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭВ

Японы эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ удирдагч Такаичи Санаэ Ерөнхий сайдаар дахин томилогдсоныхоо дараа засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрчлөөгүй байна. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “сайд нарыг дахин томилсон” гэж мэдэгджээ.

Тодруулбал, Гадаад хэргийн сайдаар Мотэги Тосимицү, Батлан хамгаалахын сайдаар Коизүми  Шинзиро, Сангийн сайдаар Сацүки Катаяма, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Аказава Рёсэй дахин томилогдсон байна. Мөн бусад сайд нар албан тушаалаа үргэлжлүүлэн хашина.

Энэхүү засгийн газрыг 2025 оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан бөгөөд тухайн үед Т.Санаэ Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байв. Т.Санаэ өнөөдөр парламентын доод танхимын санал хураалтаар Ерөнхий сайдаар дахин сонгогджээ. Түүнийг дахин томилохыг 354 гишүүн дэмжсэн байна.

Энэ сарын 8-нд болсон парламентын доод танхимын ээлжит бус сонгуулиар ЛАН 455 суудлаас 316-г авснаар түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлжээ. Тус нам 1955 онд байгуулагдсан цагаасаа хойш доод танхимд хамгийн олон суудал авсан байна.  

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *