дэлхийн анир

ОЛИМПООС 10 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ ТАМИРЧИН

Норвегийн цаначин Йоханнес Клебо өвлийн Олимпын наадмаас 10 алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын багийн спринт төрөлд тэрбээр Эйнар Хедегарын хамт түрүүлжээ. Түүнээс өмнө биатлонч Уле-Эйнар Бьёрндален, мөн цаначин Бьорн Дэли, Марит Бьёрген нар (тус бүр 8 алт) өвлийн Олимпын наадмаас хамгийн олон алтан медаль аваад байв.

Норвегчууд багийн спринтийн зайг 18 минут 28.9 секундэд туулжээ. Хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Бен Огден, Гус Шумахер нар (1.4 секундээр хоцорсон), гуравдугаар байрт Элиа Барпа, Федерико Пеллегрино нарын Италийн баг (3.3 секундээр хоцорсон) шалгарсан байна.

Норвегийн тамирчид 15 алт, 8 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэнээр медалийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Хоёрдугаарт Итали (9 алт, 4 мөнгө, 12 хүрэл), гуравдугаарт АНУ (6 алт, 11 мөнгө, 5 хүрэл) бичигдэж байна.

Зуны Олимпоор тооцвол 10 алтан медаль хүртсэн цорын ганц тамирчин бол Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс бөгөөд тэрбээр нийт 23 удаа олимпын аварга болсон юм. Харин Зөвлөлтийн гимнастикч Лариса Латынина, Финландын хөнгөн атлетикч Пааво Нурми, Америкийн хөнгөн атлетикч Карл Льюис, мөн Америкийн усанд сэлэгчид болох Кэти Ледеки, Марк Спитц, Калеб Дрессел нар тус бүр 9 алтан медальтайгаар түүний араас бичигдэж байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *