дэлхийн анир

ПОРТУГАЛИ ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ХУУЛЬТАЙ БОЛЛОО

Португал улсын парламент өчигдөр 13-16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхдээ асран хамгаалагчийн зөвшөөрөл заавал авах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ нь хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах чиглэлээр Европт хийж буй анхны томоохон эрх зүйн зохицуулалтуудын нэг болж байна.

Эрх баригч Социал Демократ намаас санаачилсан уг хуулийн төсөл нь хүүхдүүдийг цахим дээрэлхэлт, зохисгүй агуулга бүхий контент үзэх болон гэмт этгээдүүдээс хамгаалах зорилготой юм.

Энэхүү зохицуулалтын хүрээнд эцэг эхчүүд Дижитал Гар утасны Түлхүүр “Digital Mobile Key” хэмээх цахим системийг ашиглан хүүхдэдээ зөвшөөрөл олгох бөгөөд энэ нь 13-аас доош насныханд тавьсан одоогийн хоригийг хэрэгжүүлэхэд туслах юм. Түүнчлэн технологийн компаниуд нас баталгаажуулах механизмыг нэвтрүүлэх үүрэг хүлээж байна.

Уг хуулийн төсөл 148-69 саналын харьцаагаар дэмжигдсэн бөгөөд эцсийн санал хураалтын өмнө нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юм. Үүнтэй адилаар өнгөрсөн сард Францын парламентын доод танхим 15-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнээс тусгаарлах тухай хуулийн төслийг дэмжсэн бол Австрали улсад 16-аас доош насныханд нийгмийн сүлжээний томоохон платформуудыг ашиглахыг хориглосон дэлхий дэх анхны хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үндэстэн дамнасан технологийн платформуудын дур мэдэн тогтоосон дүрмүүд нь хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг хууль санаачлагчид онцолжээ. Хэрэв технологийн компаниуд энэхүү хязгаарлалтыг үл тоомсорловол дэлхийн даяар олсон жилийн орлогынх нь 2 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

Парламентын гишүүн Пауло Марсело санал хураалтын өмнө хэлэхдээ “бид зүгээр нэг хориг тавихыг урьтал болгосонгүй, харин эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг цахим орчинд хянах, хамт байх боломжийг олгохыг хичээлээ” гэжээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *