дэлхийн анир

БЭЭЖИНГИЙН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Бээжин 2020 онд Хонконгт үндэсний аюулгүй байдлын өргөн хүрээтэй хууль хэрэгжүүлснээс хойш тус өөртөө засах бүсийн засгийн газрын олон нэр нөлөөт шүүмжлэгч, хүний эрхийн зүтгэлтнүүд хорихын хаалга татсан. Улмаар тэрбумтан Жимми Лай үндэсний аюулгүй байдлын хуулийн хамгийн сүүлийн үеийн давалгаанд өртлөө.

Энэ жил 78 настай Жимми Лай бараг бүх насаараа хоригдож буйтай ялгаагүй болов. Шүүхээс түүнд 20 жилийн дараа буюу 90 нас давсныхаа дараа л тэнсэн харгалзахаар суллагдах боломж олгожээ. Энэхүү шийтгэл нь олон улсын хэмжээнд түүнийг суллахыг шаардах дуу хоолойг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Барууны удирдагчид, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг хэргийг анхааралтай ажиглаж ирсэн бөгөөд тэрбээр өмнө нь “түүнийг суллуулна” хэмээн амлаж байсан юм. Трамп ойрын саруудад Хятадад айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа. Лайгийн дэмжигчид уг уулзалтын үеэр түүний хэргийг хөндөхийг уриалах төлөвтэй байна.

Лай нь Хонконгийн эрх чөлөө хумигдаж байгааг ил тод шүүмжилж, тэр дундаа АНУ-ын өндөр албан тушаалтнуудад хандан байр сууриа илэрхийлж ирсэн нэгэн юм.

Мөн тэрбээр одоо татан буугдсан, ардчиллыг дэмжигч “Apple Daily” сониныг үүсгэн байгуулагч байсан бөгөөд энэ нь түүнийг Бээжингийн эрх баригчдын хувьд удаан хугацаанд “толгойны өвчин” болгож иржээ. Лайг арванхоёрдугаар сард үндэсний аюулгүй байдлын хоёр хэрэг болон үймээн самуун дэгдээсэн хэрэгт буруутай гэж тогтоожээ. Түүний хамтран ажиллаж байсан зургаан ажилтанд мөн зургаан жил есөн сараас 10 жилийн хорих ял оноосон байна.

Үүгээр ч зогсохгүй  “Apple Daily” болон Лайгийн харьяа компаниудад 767,000 ам.долларын торгууль ногдуулжээ.

Бээжин болон Хонконгийн засгийн газар Лайг хилс хэрэгт гүтгэж байна гэх олон улсын шүүмжлэлийг удаа дараа няцааж ирсэн. Ерөнхийдөө Бээжингийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконгийг өөрчилсөн. Жишээлбэл, эрх баригчид олон арван эсэргүүцэгчдийг шоронд хорьж, иргэний нийгмийн бүлгүүд болон илэн далангүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тараахыг шаардаж, нэгэн цагт шуугиантай байсан хотын улс төрийн хүрээг таслан зогсооход хүргэсэн юм.

Лайгийн дэмжигч нар нь өнгөрсөн долоо хоногоос хойш түүнийг сүүлчийн удаа харахыг хүсэн Баруун Коулун шүүхийн гадна хэдэн өдрийн турш дугаарлаж байсан. “Тэр бол Хонконгийн далбаа” гэж шүүхийн гадна ирсэн 75 настай Чан Чунй хэвлэлд ярьжээ. “Би түүний хийсэн бүх зүйлтэй санал нийлэхгүй ч түүний сэтгэл зүрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёс зэрэг баримталж байсан зүйлстэй нь санал нэгдэж байна” гэсэн юм. Өөр нэгэн дэмжигч “Лай болон түүний хамтрагчид Нобелийн энх тайвны шагнал хүртэх ёстой” гэж хэлэв. Цагдаа нар шүүхийн гадна хамгаалалтыг чангатгаж, бүслэлт тогтоож, дугаарлаж буй хүмүүсийг нэгжжээ. Шүүгчид мөн олон нийтийг шүүхийн үйл явцад саад учруулахгүй байхыг анхааруулсан бөгөөд эс тэгвээс хөөх эрсдэлтэй гэж анхааруулж байв.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *