Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж байгаа. Энэ хуульд улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, нээлттэй байлгах, улмаар иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар намууд санхүүгийн тайлангаа жил бүр СЕХ-нд ирүүлэх бөгөөд гурван үе шаттай хяналтыг хэрэгжүүлсний дараа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.
СЕХ намуудын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Хуульд заасны дагуу хараат бус аудитын байгууллагад намуудын санхүүгийн тайланг хүргүүлж, дүгнэлт гаргуулж, үүний дараа СЕХ дараагийн хяналтыг хэрэгжүүлээд, дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлж, тус газар намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалтын тайлагналд аудит хийж дүгнэлт гаргана. Одоогийн байдлаар 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд гурван нам ирүүлээд байна.
Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор СЕХ-нд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа тус хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар мөн хуульчилсан. Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай байна.





