Норвеги улс ерөнхий сайд асан Торбёрн Ягландыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Жеффри Эпштейнтэй холбоотой гэх хэргээр авлигын эсрэг мөрдөн шалгалт эхлүүлжээ.
АНУ-д шинээр ил болсон Эпштейний файлуудыг шинжилж буй Норвегийн цагдаагийн тусгай алба 75 настай Ягландыг “хүнд авлигад өртсөн” хэрэгт сэжиглэж байгааг мэдэгдэв.
Цагдаагийнхан тус улсын Гадаад хэргийн яамнаас түүний дархан эрхийг цуцлахыг хүссэн байна. Ягланд өмнө нь гадаадад ахлах дипломатчаар ажиллаж байсан төдийгүй Норвегийн Нобелийн хорооны тэргүүн асан, Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар 10 жил ажилласан. Улмаар хууль эрх зүйн хамгаалалтад орох дархан эрхтэй болжээ. Ягландын өмгөөлөгч мөрдөн шалгалттай хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.
Ягландын эсрэг хэрэг нээсэн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж болох “Økokrim”-ийн дарга Пал К.Лонсет хэлэхдээ “Тэрбээр нийтлэгдсэн баримт бичгүүдэд дурдагдсан хугацаанд Нобелийн хорооны дарга, Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан тул мөрдөн байцаалт явуулах үндэслэл бий гэж бид үзэж байна. Үүнээс гадна ‘Økokrim’ түүний албан тушаалтай холбоотой бэлэг, аялал, зээл авсан эсэхийг шалгах болно” гэжээ. Цагдаа нар нэмэлт мэдээллийг “дараагийн шатанд” өгөх болно гэж мэдэгдсэн байна. Норвегийн гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде “Энэ хэргийн баримтуудыг ил болгох нь чухал” гэж онцолжээ. Тэрбээр мөн Европын зөвлөлөөс Ягландын халдашгүй байдлыг цуцлахыг хүсэх болно гэж мэдэгдсэн байна.
Ягландын өмгөөлөгч Андерс Бросвет мөрдөн шалгалт явуулах гэж буйг сайшааж байна. “Бидний одоогоор олж мэдсэн зүйл дээр үндэслэн үр дүнд нь итгэлтэй байна” гэж тэрбээр Ройтерс мэдээллийн агентлагт ярьжээ. Мөн өөр нэг мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, Ягландтай хамтарч мөрдөн шалгалтад хэрэгтэй баримт, бичгүүдийг “Økokrim”-д өгнө гэж Бросвет мэдэгдсэн байна. Ягланд 1996-97 онд Норвегийн ерөнхий сайд, 2009-19 онд Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр мөн 2009-15 онд Норвегийн Нобелийн хороог даргалж байжээ.





