Аргентин улс Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог шилжүүлэн авахыг АНУ-аас хүсч байна. Мадурог кокаин импортлох хуйвалдаанд оролцсон болон мансууруулах бодистой холбоотой хэргээр ял тулгаж, Нью-Йоркт хориод буй.
Аргентины шүүх Мадурог ерөнхийлөгч байхдаа жагсагчид болон улс төрийн өрсөлдөгчдөө дарахын тулд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгажээ. Мадурогийн засаглалын үед хэлмэгдсэн, эрүү шүүлт амссан, хууль бусаар хоригдсон, сураггүй алга болсон хүмүүсийн ар гэр болон тэдгээр иргэд өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. 2023 онд энэ хэргийг “Бүх нийтийн харьяалал” гэдэг ангиллаар шүүхэд нээжээ. Энэ нь геноцид, терроризм зэрэг ноцтой гэмт хэргийг дэлхийн хаана ч үйлдсэн байсан Аргентинд шалгах боломжийг олгодог ангилал юм.
Аргентин улс 1997 оны шилжүүлэн өгөх гэрээг үндэслэн энэ хүсэлтийг гаргасан байна.
Аргентин нь өөрсдийн хил хязгаараас гадуур үйлдэгдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шалгах боломжтой цөөн орны нэг. Тус улс өмнө нь Испанид Франкогийн дэглэмийн үеийн эрүү шүүлт, Мьянмарт рохинжа үндэстний эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг шалгаж байв.
Одоо Аргентины Гадаад хэргийн яам уг хүсэлтийг Трампын засаг захиргаанд хүргүүлэх ёстой. Гэхдээ АНУ уг хүсэлтийг биелүүлэх магадлал бага. Учир нь Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг 25 жилийн турш АНУ-д олон мянган тонн кокаин нийлүүлэхэд гар бие оролцсон гэж Вашингтон буруутгаж байна.





