Ирэх хавар халуухан болно гэж Хуулийн сайд шүд зуулттай мэдэгдэж, гарах Морин жилийн улс төрийн өнгийг тодорхойлов. 2026 он бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлог. Таван нам хэн нэгнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Халуухан өрсөлдөөнийг угтсан халуухан хавар биднийг хүлээж буй нь үнэн. Халуухан хаврын гол эсрэг дүрүүдэд сайдын мэдэгдэлд бүтэн сар наранд биеэ шахлаа, одоо ир гэж битүү дурдагдсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас гадна хэд хоногийн өмнө хилийн хориг тавиулсан Х.Булгантуяа орох бололтой.
Ирэх хавар эрх баригч нам цагаан сарын санхүүгийн шоконд орсон олон нийтийн санаа бодлыг шоронгийн сенсаацаар тайвшруулна гэсэн үг.
Аж амьдрал нь өөдлөхгүй байгаагийн буруугаас ял асууж буй энхрий хайрт намаа улам их хайрлана. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог нэвтрүүлж ах нарынхаа санхүүгийн эх сурвалжийг хөмрөх шахсан Залуу МАН-ын даварсан фракцыг нам дотроо нам дарсан. Одоо улс төрийн өрсөлдөөний тавцнаас нэг мөсөн зайлуулах ажиллагаа явна. Залуу МАН шинэ нам байгуулан Монголын улс төрд эргэн өндийх магадлал өндөр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ардын дайснуудыг шоронд дөнгөлсөн Хуулийн догшин сайд Ерөнхийлөгч болох магадлал өндөрсөнө.
О.ГАНЗОРИГ





