УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчнйи салбарт тулгасан асуудлын тухайд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Тоног төхөөрөмжийн эвдрэл, ослоос гадна хүний амь эрсдэх вий гэсэн айдас хамгийн их байсан энэ үед улстөржиж, гал дээр тос асгахыг хүссэнгүй. Гал дунд өдөр шөнөгүй ажилласан эрчим хүчний салбарынхандаа баярлалаа. Харин одоо хариуцлага, бодит шийдэл ярих цаг иржээ. Чойжилсүрэн сайд дөрвөн жилийн хугацаанд салбарын хөрөнгө оруулалтыг шийдэж чадсангүй. Салбарын хулгай, завхралыг ч зогсоож чадсангүй. Хуучин тоног төхөөрөмжүүдийг шинэчилж чадсангүй. Бид бурханд найдахаас өөр бодит төлөвлөгөөгүй явсаар ирлээ. Өмнө нь мөнгөгүй, өртгөө нөхдөггүй салбар гэж хаацайлж болдог байсан бол өнөөдөр тийм тайлбар хийх эрх байхгүй.
Эрчим хүчний системийг бүрэн шинэчлэхэд 5 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоолол бий. Гэтэл 2025 оны улсын төсвийн 32 их наяд төгрөгөөс зам, тээврийн салбарт нийт төсвийн 11% тусгагдаж, эрчим хүчний салбарт ердөө төсвийн 3% ногдож байгаа нь бодлогын ноцтой алдаа. Олон жил эрчим хүчний төслүүдийг гадаадын зээл, тусламж руу түлхэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг одоогоор шууд ач холбогдол багатай соёлын төв гэх мэт барилгууд руу чиглүүлсэн нь Сангийн сайд Жавхлангийн бодлогын алдаа.
Салбарын цэвэрлэгээг эхлүүлж, авлигатай тэмцэж, ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнуудыг чөлөөлж байгаа нь чухал алхам. Үүний дараагийн шат нь бүх компанид санхүүгийн аудит хийж, автоматжуулалтаар өртөг хэмнэх, бүтэц зохион байгуулалтыг бүтээмжид суурилуулж өөрчлөх, хүний нөөцийг чадавхжуулах, сэргээгдэх эрчим хүч ба өрсөлдөөнт зах зээлийг үе шаттай нэвтрүүлэх шилжилтийн бодлогыг эхлүүлэх, мөн эрчим хүчний асуудлыг ганц сайдад даатгах биш Засгийн газар өөрөө манлайлан төсөвт суулгах явдал юм.
Эрчим хүчний зохицуулах хороо улстөрөөс хараат бус бодлого хэрэгжүүлэх, тарифын хөвөгч тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааг урьдчилан төлөвлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Эрчим хүчний реформ яасан бэ гэж хүмүүс асууж байгаа. Энэ реформ өмнө жил эхэлсэн, олон жил үргэлжилнэ. Одоо “мөнгөгүй салбар” гэдэг үгээр эрчим хүчний салбар дахь эс үйлдэхүйг хамгаалах боломж үгүй болсон. Том хулгай ил болж эхэлж байна. Удахгүй бодит өртөг, худалдан авалт, бүтэц, урсгал зардлын асуудлуудтай холбоотой аудитын дүгнэлтүүд танилцуулагдана. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого хөдөлж, шинэ станцууд ашиглалтад орж, чадлын өсөлт эхэлсэн нь бодит өөрчлөлтийн эхлэл юм. Гэсэн ч шинэ PPA гэрээнүүдийн тарифтай холбоотой бодлогын асуудал бий гэдгийг хэлэх хэрэгтэй.
Эрчим хүчний салбарын энэ гүн хямрал хурдан арилахгүй ч цаг алдалгүй зөв алхмуудыг хийвэл хурдтай давж болно. Сүүлийн хэдэн жил салбарын эксперт зөвлөхүүдийн судалж, хүлээлгэн өгсөн төлөвлөгөөнүүд яаманд бий. Дахин шинээр судална, төлөвлөгөө гаргана гэж цаг битгий алдаасай. Аль нам, хэн дарга байхаас үл шалтгаалж цаг алдалгүй, үйлдэл хийж, эрчим хүчний салбарын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэх л шаардлагатай байна. Дэлхий даяар эрчим хүчний төлөө дайн хийж байх энэ цаг үед Монголчууд өөрсдийн ДЦС, УЦС-уудын төслөө унагаадаг үе дуусжээ гэх итгэл энэ харанхуй өдрүүдэд төрөв.





