ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд Шүүхээс “Зөрчлийн Тухай Хууль”-д заасны дагуу 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг саатуулдаг. Хоиглох бус саатуулах гэсэн үг. Гэвч цагдан хоригдсон болон ял эдлэж байгаа хоригдлуудаас дор нөхцөлд саатуулагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод байдаг Баривчлах хоёр байрны нэгэнд хүний амины хэрэг гарсан талаарх мэдээлэл манай редакцид ирлээ.
Тодруулбал, хуучин Тоосгоны шорон буюу одоогийн 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих ангийн хажууд байрлах Баривчлах байранд саатуулагдсан иргэн цаг бусаар энэ ертөнцөөс буцжээ. Эх сурвалжийн өгүүлснээр саатуулагдсан иргэнийг тус баричвлах байрны хянагч ахлагч Д гэгч камераас нь гаргаж, зодсон бөгөөд дараа нь буцааж оруулжээ. Харин ахлагчид цохиулсан иргэн өглөө нь сэрээгүй бөгөөд нас барсан байжээ. Одоогоор тус байрныхан уг асуудлыг нам дарж байгаа төдийгүй мэдээлэл задруулахгүй үүрэгджээ.
Амь хохирогчийн ар гэрийнхний тухайд задлан шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа бөгөөд ахлагчид зодуулсан талаар мэдээгүй бололтой.
Ташрамд дуулгахад уг байранд голдуу ар гэртээ агсам согтуу тавьсан эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс саатуулагддаг. Түүнчлэн өдөрт дунджаар 30 орчим хүн ачигдан очдог гэх мэдээлэл бий. Товчхондоо Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэгсэд. Тэд Баривчлагдах байранд хүмүүжиж, ухамсарлаад гарч ирэхээсээ илүүтэй эрхээ зөрчүүлж амиа алдах болсон нь ШШГЕГ-ын ажил ямар түвшинд явааг харуулах нотолгоо биш гэж үү?
Тэгээд ч баривчлах байранд ял авах гэж буй сэжигтэн, эс бөгөөс ял аваад хорих анги руу ачигдахаа хүлээсэн ялтан бус Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэд саатуулагддаг. Тэнд хүний наад захын хэрэглээ болох бие засах болон хоол ундны асуудлаар гомдол үргэлж гардаг бөгөөд өдгөө хүний амь нас хохирчихоод байна.
Баривчлах байрны дарга хурандаа Г.Эрдэнэбат ч энэ талаар ам ангайхыг албан бусаар хорьсон байж таарна. Хариуцсан ажлын байранд нь хүний эрхийн ноцтой зөрчил гарч, хоригдогсод нь эрхээ зөрчүүлж, хүний амь насны асуудал хүртэл хөндөгдчихөөд байхад аанай л нам дарж, гүлдийсээр байх юм уу.





