Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нандинболорыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр А.Намсамандыг томилсон нь Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ажлаа аваад амжуулсан олон томилгоо, халаа сэлгээний нэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Г.Занданшатарын Засгийн газарт багтахын тулд гайгүй сайн мэрийсэн нь үнэн. Мэрийлтийнхээ хүчинд дажгүй том “бялуу” хүртсэн нь бас маргашгүй үнэнд тооцогдох үйл явдлын нэг.
Гэвч мань цоо шинэ сайдын томилсон А.Намсаманд генерал маань энэ оны есдүгээр сарын 23-нд хууль, журмын дагуу төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмж буюу 69 сая төгрөгийг урьдчилан авсан нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараахан нь дэлгэгдэв. Тэгэхээр Б.Энхбаяр сайд А.Намсамандыг насны амралтандаа суухаас нь өмнө ажлын дадлага туршлагаа өвлүүлэх, ажлаа хүлээлгэн өгөх хүн бэлд гэж бодоод эл томилгоог хийж, түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон байх нь гэх томоогүй гэнэн дүгнэлт цахим орчинд цахилсаар өнөөг хүрэв.
Гэвч гэмт хэрэг хийж, орон шоронгоор олон жил явсан, алдсан алдаандаа гэмшиж яваа олон аавын хүү мань А.Намсамандыг машид бүтэхгүй этгээд гэх мэдээллийг манай сайтад ил далд, элдэв хэлбэрээр өгсөөр байгаа юм.
Гэтэл А.Намсамандыг жинхэлжээ гэх мэдээлэл чихэнд хүрэв. Тодруултал үнэн аж. Өндөр насны амралтаа авахаар өргөдөл юугаа гардуулан, тэтгэмж халамжаа урьдчилаад хүртчихсэн хурандаа тэрбээр генерал болох бахдам зорилготойгоор тохироонд хүрчээ гэх хов жив ч хөвөрч эхлэв.
Сайд аа, тэтгэвэрт гарах гэж буй хүнийг жинхлэх болсон шалтгаанаа хэлнэ үү. А.Намсамандын талаар Монголын бүх хорих ангиудад улаан шугам буюу тугалын хашаа гэх хүнлэг бус албан бус ажиллагааг эхлүүлж, олон ч хоригдлын эрүүл мэндээр тоглосон. Хоригдлуудтай хүн ёсоор харьцсан хорихын хуяг хянагчдыг хувийн харьцаа үүсгэсэн гэж гүжирдэн цалингийн 50 хувиар торгосон гэх гомдол, шүүмжлэл тасардаггүй байсан талаар хүний эрхийн байгууллагууд ч мэддэг юм байна.
Түүнчлэн эргэн сануулахад, өдийгөөс яг 12 жилийн өмнө буюу 2013 оны зургадугаар сард, Хэнтий аймгийн хорих 0419 дүгээр ангид хоригдлуудын эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай тус аймгийн харьяат иргэн Л.Энхбаатар гэгч, шүгэл үлээж, хорих ангид болж буй бусармаг үйл явдлын тухай мэдээлж байсан тухай хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ.
Түүнчлэн тэрбээр өөрийнх нь тухай материалыг гадагш нь гаргасан гэж доод тушаалынхаа алба хаагчдыг хэл амаар доромжилж гарах гарцгүй болгодог. Тухайлбал тус хорих ангид 30 жил ажилласан хурандаа цолтой Амгалан гэж хүнийг “Чи Л.Энхбаатарт мэдээлэл өгсөн” хэмээн гол дээр аваачиж дарамталсан. Амгалангийн хүү дэд ахлагч цолтой А.Бугандаа нь тус хорих ангид алба хааж байсан агаад А.Намсаманд олон алба хаагчдын дунд түүнийг “Танай муу аав 30 жил хорихын хоолыг хороочихоод шоронгийн хулгайч нарт мэдээлэл тараасан” хэмээн удаа дараа бусдын өмнө доромжилж байсан тухай гэрчийн яриа бий.
Түүгээр ч зогсохгүй мань эрийг Хэнтийн хорих ангид ажиллаж байх үед хорих ангид хоёр хоригдол нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарсан ч нууцлаад өнгөрөөсөн, Зүүнхараагийн шоронд байхдаа хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан талаар ч баримт мэдээллүүд ирсээр байна. Эцэст нь тэмдэглэхэд, А.Намсаманд нь хүний эрхийг зөрчих талаараа хорих анги, хоригдлуудын дунд төдийгүй хорихын ажилтнуудын дунд алдартай нэгэн атал ШШГЕГ-ын даргаар томилсон нь яг ямар учиртай юм бэ. ШШГЕГ хүний эрхийг хамгаалж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй тусгай байгууллага. Хэрэг хуучирдаггүй гэж үг ч бас бий. Хийсэн томилгоогоо эргэж нэг харна уу?





