эдийн засаг

ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ХОЁР ДАХЬ ДАВАЛГААНЫ ЦААД ЭЗЭД НЬ ХЭН БЭ?

2025 оны эхний 10 сарын байдлаар татварын орлого 21.4 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 895.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Өнөөх нүүрсний үнийн уналт руу энэ асуудлын шалтгааныг чихэж, нэрт сэтгүүлч Б.Ганчимэгээр Өмч хувьчлалын хоёр дахь мессежийг цацуулж байна. Үндэсний баялгийн сангийн эсрэг үзэл санааг зугуухан бөгөөд хүчтэй тархааж эхлэв. Цаад эзэн нь, жинхэнэ эзэд нь хэн бэ? гэдэг асуудал гарна. Үндэсний баялгийн сангийн үзэл санааг Монголын улс төрд сэдэв болгон оруулж ирсэн хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга бөгөөд ажил хэрэг болгон үргэлжлүүлсэн хүн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ.

Монголын эдийн засаг бол уул уурхайн эдийн засаг. Зайлшгүй ийм сан хэрэгтэй. ДНБ-ний 75 хувийг уул уурхай бүрдүүлж байгаа нь манай эдийн засгийн гажуудал биш харин эсрэгээрээ онцлог нь юм.

Харин энэ үзүүлэлтийг байж болшгүй зүйл, гажуудал бөгөөд өмч хувьчлалын хоёр дахь давалгааг хэрэгжүүлэх замаар засах ёстой суртал нэвтрүүлгийг сэтгүүлч Б.Ганчимэг гардах нь бололтой. Хувийн хэвшил ДНБ-ний 80 хувийг бүрдүүлж байсан тэр үе бол эдийн засаг одоотой харьцуулахад 10 дахин бага, дэлхийн түвшинд яригдах хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй, цалин тэтгэврээ нэмэх нь байтугай тавьж чаддаггүй байсан цаг үе. 10 дахин томорсон эдийн засагтай улсын ард иргэд цалин, тэтгэврээ нэмүүлэхийг шаардах нь зүйн хэрэг.

Баялгийн хуваарилалт шог байна аа л гэж байна. Улс төрийн зүй ёсны шаардлага мөн. Уул уурхайн салбар ажлын байрыг олноор бий болгож, хөдөлмөрийн зах зээлээр дамжуулан, ард түмний амьжиргааг тэтгэдэггүй суурь өөрийн онцлогтой. Энэ салбар төрийн мэдэлд байж Үндэсний баялгийн сан гэдэг систем бодитой болно. Дахин хэлэхэд Үндэсний баялгийн сангийн системтэй болохын эсрэг үйл ажиллагаа бол өмч хувьчлалын хоёр дахь давалгаа мөн шүү!

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *