эдийн засаг

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 47.1 ТОНН ХҮДЭР ОЛБОРЛОЖЭЭ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлосон нь үйлдвэрийн 47 жилийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ. Тус үйлдвэр 2024 онд хүдэр боловсруулах хүчин чадлаа 40 сая тонн болгон нэмэгдүүлж, дараа жил нь буюу энэ онд суурилагдсан хүчин чадалдаа хүрч 39.9 сая тонн хүдэр боловсруулжээ.

Мөн онд 574 мянган тонн зэсийн баяжмал үйллдвэрлэн гаргаж, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.

4.6 их наяд төгрөгийн орлогын 1.2 тэрбум ам.долларыг Монголбанкинд борлуулж, 2.2 их наядыг татвар хураамж хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн гэж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон өнөөдөр /2025.12.25/ эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулав.

Мөн тус үйлдвэр 55 жил тогтвортой ажиллах геологийн нөөцөө 2024 онд олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулсан байна. Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг 2025 онд дуусгасан нь энэ уурхайчин хамт олны гол амжилтуудын нэг гэж тодотгосон юм.

55 жилийн турш тогтвортой ажиллах үйлдвэрийнхээ технологийг үе шаттайгаар шинэчилж буй бөгөөд 2025 онд 12 сая тоннын хүчин чадалтай Оросын хуучин хөвүүлэн баяжуулах шугамаа бүрэн шинэчилжээ.

Мөн дараагийн шатны боловсруулалт буюу зэс катодын зэс үйлдвэрлэх, зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Энэ хүрээнд усан болон цаилгаан хангамж, авто зам, төмөр замаа барьсан бөгөөд энэ ажилд Эрдэнэт үйлдвэрээс 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *