нийгэм, соёл

ЯРУУ НАЙРАГЧ-ЁС СУРТАХУУН

Яруу найргийн авьяастай хүн түүнээ өөр зорилгоор ашиглавал өр төлөөсийг нь заавал төлдөг гэж би боддог. Тэр нь хэн ч биш болж таг мартагдах юм. Яруу найрагч худал хуурмагтай хутгалдаж заль мэх гаргаад эхэлбэл тэгээд л дуусаа. Яруу найраг, Ёс суртахуун хоёр салшгүй холбоотой. Ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд эхэлсэн бол тэр хүн яруу найрагчийн хувьд өөрийгөө егүүтгэж байна л гэсэн үг.

Белла Ахмадулина

Инээд хүрээд болдоггүй ээ. Инээдээ яаж зогсоох билээ таминь ээ. Энэ “Болор цом” наадмыг бодохоор одоо уур минь хүрэх биш харин хөх инээд хүрээд унтаж ч чаддаггүй шүү. Асуудал нь Н.Минжинсайхандаа биш л дээ. Манай Зохиолчдын хорооны удирдлагын түвшинд нэгэн үл мэдэг өвчнөөр өвчлөөд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Аюултай нь тэр өвчин нь нэг албан тушаалтнаас нөгөөд халдварлаад байна. Хэдхэн жилийн өмнө би “Монголын уран зохиолын зорилтот төөрөгдөл” хэмээх асуудал дэвшүүлж, анхааруулсан нийтлэл “Утга зохиол, урлаг” сонинд нийтлүүлж байсан даа. Тэр үед байсан доголдол арилаагүй, харин ч өвчин болоод дотроо халдварлаад явж байна. Тэр өвчний нэрийг “нялхасын алдарших дон” буюу НАД хэмээн нэрлэвээс таарах мэт. Тэр үед Удирдах зөвлөлийн гишүүн, Үргэлжилсэн үгийн үндэсний төвийн нэг гишүүн /одоо тус төвийн дарга/ нэг нөхөр шагналын асуудал дээр хувийн ашиг сонирхолоо далд хэлбэрээр өндөрт тавьж байх явдлыг анзаараад тэр тухай цухас дурдаж байсан билээ.

Тэр нөхрийн энэ хандлага нь өвчин болж даамжраад нэлээд хэдэн шагналын эзэн болоод зогсоогүй өнгөрсөн намар Д.Нацагдоржийн шагналд Үргэлжилсэн үгийн төрөлд өөрийнхөө нэрийг дэвшүүлээд хүртэл үзсэн шүү дээ. Энэ тухай би мэдээд хэлж буй хэрэг бус, манай зохиолч гишүүд дортоо ам дамжин ярилцаж байгаа билээ.

Тэр нөхрийн өвчин нь МЗЭ-ийн дэд дарга гэх албан тушаалтай нөхөрт халдварлаад хэд хэдэн наадамд албан тушаалаа ашиглан оролцоод, иөөрөө шүүгчээ дагуулан очиж жимс түүх мэт шагнал цуглуулаад явсан даг. Энэ нөхөрт халдварласан өвчин нь манай Яруу найргийн мүндэсний төвийн даргад бас халдварлаад саяын наадамд хүчтэй нөлөөллөө. “Болор цом – 43” наадам эхний даваанаасаа л хөх инээдийг минь хүргэж эхлэвэй. Яруу найрагт ёс зүйгээс чухал хүчин зүйл бол ёс суртахуун л даа. Ёс суртахуун хийгээд ёс зүй хоёр бол маш том ялгаатай ойлголт юм. Ёс суртахуун бол хувь хүний дотоод үнэт зүйл, итгэл үнэмшил, зан үйлийг чиглүүлэгч, дотоод зарчмыг зөв тал руу залах ухагдахуун юм. Ёс зүй бол хувь хүний дотоод ухамсар ба үнэт зүйл дээр тулгуурлаж байдаг нийгмийн эрүүл хөгжлийн хандлагын цогц төлөвт илэрхийлэмж юм. Ёс суртахуун ЯРУУ НАЙРАГЧААС зөв хандлага, зөв төлөвийг хувь чанараас нь шаардаж байдаг.

Яруу найрагч бол нэгэн талаар нийгэмд биеэ зөв авч явахын тод толь болж харагддаг. Нийгэм яруу найрагчаас чухам тийм зөв хандлагатай байхыг эрхэмлэхээс гадна яруу найрагчдаас ч суралцдаг байх хандлага ч бий.

Олны өмнө биеэ зөв, бусдыгаа үлгэрлэн явах зарчим бол яруу найрагчдын тэр тусмаа яруу найрагч, зохиолчдын бүлгийг удирдаж буй этгээдийн /Н.Минжинсайхан/ онцгой баримтлал болох ёстой билээ. ЗХУ-ын болон ОХУ-ын нэрт яруу найрагч Белла Ахмадулина нэгэнтээ яруу найрагчийн хувь чанарын стандартын тухай нэгэн ярилцлагадаа тодорхойлон дурдсан байдгийг би дээр ишлэв. Тийм ч учраас манай Г.Аюурзана, Б.Хүрэлтогоо, Г.Өлзийтөгс тэргүүт зарим оюуны элит болсон яруу найрагчид маань энэ зарчмыг чанд баримталдаг биз ээ.

Өнөөдөр Монголын яруу найргийн зохион байгуулалттай тод бүлгийн удирдагч өөрөө шүүгчээ томилоод, өөрөө наадамд оролцоод, өөрөө тэргүүн байрыг эзэлж, бусдын боломжийг “хулгайлж” буй явдал нь эрүүл хандлага биш.

Түүний уншсан шүлгүүдийн чанар чансаа гэхээс илүү алдагдсан хувь найрагчийн ёс суртахууны зарчим нь нийгэмд буруу үлгэр бий болгож байна. Удахгүй сар гаруйхан хугацааны дараа Монголын зохиолчид өөрийн байгууллагын удирдлагаа сонгох дээд хурлаа хийх гэж байна. Тэр хурлаар Зохиолчдын байгууллагын даргад нэр нь дэвшихээр далдуур яригдаж байгаа энэ эрхэм ёс суртахууны ийм алдааг санаатай санаандгүй нь мэдэхгүй гаргачихаад байхад бид дараагийн дөрвөн жилд ийм хүнээр удирдуулах нь тун эргэлзээтэй. Жинхэнэ яруу найрагч уг нь нийгмийн тод манлайлагч толь байх ёстой. Алдар нэрийн төлөө ёс суртахуунаа уландаа гишгэсэн хүн бол яруу найрагч гэж хэлэхэд эргэлзээтэйгээр үл барам бусармаг, бүдүүлэг үйлдэл билээ. Яруу найраг бол хүн төрлөхтний бий болгосон оюун санааны үнэт өв. Яруу найраг өөрөө хувьсан хөгжиж, бас ард түмний тархинд шинэ салхи оруулж байх шидтэй өгүүлэхүйн урлаг юм. Орчин цагийн яруу найраг нь уншигчдад бодох учир зүйн бололмжийг олгож, түүнээсээ оньсого мэт шүлгийн дотоод мөн чанарыг уншигчид өөрсдөө тайлж жинхэнэ таашаалыг олж сэрж мэдэрч хөгжиж байх ёстой л доо.

Шулуун, ил цагаан уншигч, сонсогчдод бодох ямар ч боломжийн үүдийг нээж өгдөггүй бичвэрийг ямар шүлэг гэх билээ дээ.

Оны тэргүүн шүлэг шалгаруулах “Болор цом” наадам нь хэдийгээр интертаймент шоу шинжийг агуулдаг ч түүнийг ашиглаж уншигч сонсогчдод оюун санааны хүчилтөрөгчийг өгч, нийгмийг тэр хэрээр эрүүлжүүлж байх далд үүргийг гүйцэтгэх учиртай. Хошин урлаг ч ялгаагүй хүнийг инээлгэх үүрэг хүлээхдээ нийгмийн болохгүй байгаа шүүмжлэлт асуудлыг хошин хэлбэрээр хүргэн ард түмэндээ ойлгуулж байдаг билээ. Сүүлийн үед яагаад “Болор цом” найргийн наадам үзэгчдээр дутах болсон бэ гэвэл энэ жилийн наадам мэт үзэгчдээ басамжилсан, үл хүндэтгэсэн хандлага гаргаад байхаар тэр үзэгчид чинь зугтах бус яруу найргийн наадам үзэж оюуны таашаал авч, тархиндаа шинэ “хүчилтөрөгч” авах эрхээсээ сайн дураараа татгалзахад хүрч байгаа юм.

Яруу найргийн хөгжлийн зүй тогтлыг нээсэн, илэрхийлсэн мэдрэмжийн шүлгүүд бүхүй Дэжидмаагийн Галсансүх тэргүүт найрагчид хүний уураг тархинд салхи оруулсан шүлгүүдээрээ уншигчдын оюун санаанд маш том “хөрөнгө оруулалт” хийж байсан нь тун саяхан л даа. Өдгөө тэр гайхамшигт найрагчид амьд сэрүүн бүтээлээ туурвин явж байна. Тэдний онгодын дүнд нэгэн цагт “Болор цом” наадмын тасалбар шагийн үнээр борлуулагддаг цаг байсан юм. Би ч шагийн үнээр билет аваад үзэж байлаа. Энэ түүх бол өчигдөр. Харин өнөөдөр яагаад яруу найргийн үнэ цэнэ унах болов? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Жинхэнэ яруу найраг хийгээд найрагчид нь хаана байна? Яруу найрагчдад ёс суртахуун гэдэг зүйл байна уу? Тэд маань ёс суртахуун хийгээд ёс зүйн ялгааг мэдэх үү? Ёс суртахуун бол ёс зүйн суурь үндэс л дээ.

“Яруу найрагчийн оюун санаа усны үхэр байсан ч хамаагүй үзэгчийн хэрэгцээтэй байдаг” хэмээн Фридрих Ницще нэгэнтээ ёгтолсон үгийг задлах хэрэгцээ энд гарах гэж. Яруу найрагчийн дуу хоолой өвөрмөц байдаг учраас хүн төрлөхтөн яруу найрагчдын үгийг Ф.Ницщегийн тодорхойлсончлон муу үг байсан ч анхааралтай сонсохыг хичээдэг байсан аж. Гэхдээ цаг өөр болж, Орчин цагийн оюун санааны хөгжлийг даган яруу найргаас хүмүүс өөр зүйлийг хүлээдэг болсныг өнөөдөр манай яруу найрагчид ойлгохгүй байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд энэ жилийн наадмын шүлгүүд “усны үхэр” лугаа адил байсан шүү. Өнөө цагийн яруу найргийн бичвэр нь хүүрнэлт шинж давамгайлсан төлөв ажиглагдлаа. Тайзан дээр шүлгээ уншиж байгаа шүлэгчид маань хууч, дурсамж, үлгэр, домог яриад байх шиг санагдах юм. “Хайрцаглагдсан” хэв шинжит шүлгээ дуудцгааж байх аж. Энэ бол тайзны “димедрол” мөнөөсөө мөн. Ийм “димедрол”-ыг сонсож үүрэглэхээсээ үзэгчид татгалзаад байгаа юм. Болхидуу найруулсан “жүжиг” тоглохоо хэзээ болих улс бол доо хэмээн бодож суулаа.

Яруу найргийн үндэсний төвийн дотоод асуудалд Тэргүүн нь хутгалдан ороод байдаггүй учраас ийм завхрал гарч байж мэдэх юм. Уг нь жилдээ ганц болдог энэ наадмаа үзэхгүй гэж бодсон ч миний толгой нь хөлөө захираад байгаа юм уу, хөл нь толгойгоо удирдаад байна уу. Өөрийн эрхгүй нэг мэдэхэд “Болор цом” наадмаа үзээд суух минь тавилан юм даа. Гэхдээ урам хугарах юм. Нэгэнтээ наадамд түрүүлж байгаа бол гараанаасаа үзэгчдийн анхааралд өртөн тасарсан сайхан шүлэг уншмаар юм. .”Хэдэн бор хүүхдүүд минь” гэнэ үү… ? Сонсоод сууж байхад сургаал айлдаад байх шиг. Тэр сургаалаа бор гэртээ хэдэн бор хүүхдүүддээ айлдвал уг нь зүгээрсэн дээ. Олны өмнө тайзан дээр нэг иймэрхүү сургаалын үг сонсогчдод айлдаад зогсож байгаа нь Төрийн шагналт Очирбатын Дашбалбарын 1990-ээд оны үед хэлж байсан шүлгийн санааг хуулбарласан мэт сонсогдох аж. За тэгээд сошиалаар шуугиад бишрээд байгаа “Үг”-ийн талаар хэдхэн үг хэлье хө.

Тэртээ холоо одсон нэгэн найрагчийн “Чулууны магтаал” хэмээх шүлэг байдаг даа. Чулуугаар дамжуулан оршихуйн мөн чанарыг далдаар өгүүлсэн, метафор сайтай тэр шүлгийн тухайд ярих зүйл байхгүй. Уг нь яруу найраг бол хүний дотоод ертөнцөд нэвтрэх нэгэн нууц урсгал байдаг. Тэр урсгал уншигчийг өөртөө урихаас биш, гардаж чирж явдаггүй. Тодруулж хэлбэл Яруу найраг бол хүний сэтгэлийн далд нууцад шөнөөр асаадаг бяцхан дэнлүү шиг. Тэр дэнлүү асах эсэх нь шүлгийн өөрийн өгүүлсэнд бус, уншигчийн сэтгэлд үлдээсэн харанхуйд байдаг. Уншигчийн сэтгэл доторхи харанхуйд буй танин мэдэхүйн сэрэл нь дэнлүүг асаах цучил нь болж өгөх учиртай юм.

Хүн төрлөхтөн анх яруу найргийг бүтээхдээ энэ зарчмын баримталсан хэрэг билээ. Аглагт шаргалтаж буй галын дөл мэт шүлэг өөрөө хөдөлж, дүрэлзэж хүмүүний сэтгэл доторхи танин мэдэхүйн сэрэлийг даллаж байх ёстой ч гэх үү дээ. Нууцын гүнд ууссан оршихуй бол яруу найрагчийн үгээр бус уншигчийн дотоод аниргүйд сэрдэг. Тиймээс сайхан шүлэг далд хэлэмжээрээ гэрэлтдэг. Яруу найраг өөрөө тайлагддаггүй, харин уншигчийн дотоод сэтгэлд тайлагдаж эхэлдэг оньсого мэт орших учиртай. Аливаа шүлгийн үнэ цэнэ нь уншигчийн бодолд үлдээсэн хоосон зайнд өөрөө дүүрэн урган гарах утга билгийн сэрэл мэдрэмжид оршдог. Тийм учраас сайн шүлэг ямагт ил хэлэхээс татгалзаж, битүү орон зай үүсгэж, хэлээгүйгээсээ эхтэй энерги тээдэг билээ. Үргэлжилсэн үгийн зохиол ч ялгаагүй.

Энэ жилийн “Болор цом”-ын эзэн болсон “Үг” шүлэг энэхүү бий болоод хатуу тогтсон яруу найргийн хөгжлийн зүй тогтолт мөн чанартай хэд дахин зөрж байна. Шүлэг анхнаасаа уншигчтай хамт алхахгүй, харин уншигчийг өөрөө хөтөлж, тайлбарлаж, өөрийн бодлыг дэнслэн өгүүлж, бүхэлдээ дидактик тунхагийн хэлбэр рүү гулсан оржээ. “Үг бол ийм”, “Үг бол тийм” хэмээх дараалсан нэрлэлт, тасралтгүй тодорхойлолтууд нь шүлгийн бэлгэдлийн гүн талбар руу нэвтрэх хаалгыг хааж, яруу найрагчийн өгүүлсэн ойлголтыг л хүлээн авах нэг гарах гарцтай болгосон нь харамсалтай. Орчин үеийн шүлэг давталтаар утгыг задлахыг биш, утгыг нягтруулахыг зорьдог. Харин “Үг” шүлгэнд давталт нь бодлын төлөвшлийг тэлээгүй, яруу найргийн уран нарийн орон зайд нэг л шулуун хар мөр татаж орхисон шиг болжээ.

Бэлгэдэл, нууцлаг давхарга, уншигчийн дотоод эргэцүүллийн боломж зэргийг хаасан нэрлэлт, тунхаглалын доор даруулж үлдсэн байна. Яруу найраг ойлголт өгдөггүй, харин ойлголт төрүүлдэг. Гэтэл энэ шүлэг уншигчийн оролцоогүйгээр бүхнийг өөрөө тоочих хэлбэрээр өгүүлчихсэн нь харагдана. “Үг” шүлэг нь утгын нууцлаг тэлэлтээ бус, зөвхөн хэлзүй-өргөлтийн гаднах чимэглэлдээ түшиглэсэн “буурал ярианд” ууссан мэт санагдана. Чухамдаа бол шүлэг өөрөө амьтай, уншигч бүрийн сэтгэлд ӨӨР ӨӨРӨӨР ДАХИН ТӨРЖ БАЙХ учиртай бөгөөд /Д.Галсансүх, Б.Хүрэлтогоо нарын шүлэг мэт/ яруу найраг гэдэг бол шүлэг бичсэн хүнээс илүү уншсан хүний дотор бүрэлдэх урлаг юм. Харин “Үг” харин ч дотроо хаалттай, уншигчийн мэдрэхүйн оролцоогүйгээр бие даасан дүгнэлт шиг тогтож, орчин үеийн яруу найргийн гол шаардлага болсон эвхээтэй утгын талбарыг бөглөсөн чиг хандлагатай болжээ. Энэ шүлэг уншигчийн дотор биш, зөвхөн өөрийн дотор амьдарсан хэвээр үлдсэн нь түүний хамгийн том дутагдал болж байна. Шүлгийн уран дүрслэлүүд хэтэрхий чанга, хэтэрхий их чимэгтэй, гэхдээ өөрсдийгөө амилуулсангүй. Уул шиг, чулуу шиг, эх дэлхий шиг, ус мөрөн шиг гээд үгс өөрийгөө томруулан сүр бараатай харагддаг ч тэр сүр нь уншигчийн төсөөллийн гүнд амь оролгүй, шүлгийн дотоод логикт төдийгүй бэлгэдлийн нарийн тогтоцод нийцэлгүй, гадаргуун чимэг шиг үлджээ.

Яруу найраг гэдэг өөрөө чамгүй дөлжим харагддаг атлаа дотор нь хөнгөн бүдэг манан нуугдаж байдаг. Тэр хөшгөн манан руу уншигч өөрөө нэвтэрч, өөрөө төөрч, өөрөө мэдэрч байж л утга бүрэн гүйцдэг. Харин “Үг”-д төөрөх боломж үгүй. Учир нь бүх замыг нь эхнээс нь гэрэлд гаргаад тавьчихсан. Хаашаа ч нуугдах газаргүйгээр бүх метафор нь нүцгэн, бэлэн, тайлбарлагдсан. Ийнхүү шүлэг өөрөө үгсийн талаар өгүүлсэн ч, үгсийн нууцлаг чанарыг амилуулж чадсангүй. Тэр нууцлаг увдис үгэнд бус, үгсийн хооронд оршдог. Харин “Үг” тэр хоорондын орон зайг бүхэлд нь дүүргэж, шүлэг биш, шүлэг тайлбарласан урт өгүүлэмж мэт болгоод орхисон байна. Тодруулж хэлбэл “Үг” шүлэг нь дараах учир дутагдлыг бүрдүүлсэн байна. Үүнд. Л.Витгейнштений онолоор /Логик философийн трактат/ Хэлний философи дахь “үг”-ийн онтологи, утгын шууд ба шууд бус илэрхийллийн ялгаа, тэмдэг, объект ухагдахууны гурвалын тухай асуудлууд бол анхдагч түвшиндээ маш нарийн хүрээ бүрдүүлдэг. Шүлгэнд тэдгээрийн аль ч зүг рүү бодитой нэвтэрч чадаагүй бөгөөд зөвхөн “үг бол хүч”, “үг оршино” гэх ерөнхий түвшний, академик бус төвшний илэрхийлэлд түшиглэсэн байна. Үүний үр дүнд шүлэг өнгөн талдаа философийн гүнзгий асуудлыг хөндөж буй мэт боловч үнэндээ өгүүлэмжийн гүн рүү орж чадахгүй, хийрхэл маягийн гадар давталтад тогтсон бүтээл болон хувирчээ.

Мөн түүнчлэн “Үг” шүлгийн уран дүрслэлүүд нь шинэ метафор төрүүлэх биш, өмнө олонтаа хэрэглэгдсэн уламжлалт магтаалын хэллэгийг давтсан тул уран сайхны шинэ үнэ цэнэ бий болгож чадсангүй. Үүнийг дараах хэсгүүдээр тодотгож болно.

1. Давталт маягийн магтаалын томьёонууд

“Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үг миний мөргөлийн сүм
Үг миний эх нутаг
Үг миний эх дэлхий…” Эдгээр нь утгын шинэ эргэлт, дотоод логик, эсвэл

метафорын өсөлт авчирсангүй. Зөвхөн магтан өргөх хэмнэлл давтагдаж, шүлгийн санаа нэг шулуун чиглэлд гацсан. Энэ хэсэг нь “үг”-ийг бодит зүйл мэт болгон онтологижуулсан нь харамсалтай. Л.Витгенштейний онолоор “үг” бол объект биш. Зүгээр тэмдэглэгээ. Минжинсайханы дээрх бичвэр хэсэг нь “үг”-ийг бодит зүйл болгон “хийрхэл” үүсгэсэн байна.

2. Уламжлалт, олонтаа хэрэглэгдсэн байгалийн зүйрлэл

  • “Чулуу шиг үг”,
  • “Уул шиг үг”,
  • “Ус мөрөн шиг үг” … хуучин, байдаг л танил хэллэг.

Эдгээр харьцуулалтууд нь монгол яруу найргийн уламжлалт дүрслэл бөгөөд шинэ уран сэтгэлгээ, гэнэтийн утгын шилжилт авчирсангүй. Зөвхөн танил, урьд нь мянга дахин сонссон төсөөлөл. Мөн дээрх бичвэр нь хоорондоо логик холбоосгүй төлөвийг бий болгосон байна.

3. Давталт нь хэмнэлийг өсгөх биш, утгын уналт үүсгэж байна

– Шүлэгт “Үг миний…” гэх хэллэг арван зургаан удаа гарах боловч мөр бүр шинэ

утга, шинэ метафор нээсэнгүй. Философийн хөгжлийн үндсэн диалектикийн зүй тогтол болох тооноос чанарт шилжих шилжилт нь үгүйлэгдэж байна гэсэн үг. Товчхондоо бол утгагүй хоосон магтаалын шинжийг агуулсан байна.

4. Метафорын логик алдагдсан.

“Үг бол эх дэлхий, чулуу, уул, мөрөн, шувуу, эх орон…” гэх мэтчилэн олон дүрслэл нэг шүлэгт цуварч орсон ч тэдгээрийг холбох дотоод холбоос байхгүй байна. Иймд уншигч утгыг өөрөө тайлж хөгжүүлэх бус, зөвхөн зохиогчийн нэг чигт өгүүлсэн магтаалын урсгалд захирагдахаар уншигдаж байна. “Үг” бол үнэмлэхүй үнэн, утгыг дангаар ачаалдаг “бурханлаг субстанц” биш, Витгенштений тодорхойлсончлон бодит байдлын логик зураглалын нэгж юм.

Гэхдээ “Болор цом” наадам хоосонгүй шүү. Энэ жилийн онцлох гэгээтэй ганц хоёр шүлэг дурдваас Д.Нямдоржийн уншсан “Мөн чанарыг танихуй” шүлэгт өөр, танин мэдэхүй-эрэл хайгуулын агаар үнэртэж байна. Энэ нь уншигчдад оньсого шидэх мэт сэтгэгдэл далд утгандаа өгч байх шиг.

Шүлэг нь :

“Нэгэн тэнгэрийн дор олон тэнгэртэй амьдардаг бид

Нэгэн биеийн дотор олон хүнтэй амьдардаг бид …” гэх давтагдах эхлэлтэй

мөрүүдээр бүтэцлэгдсэн ч энэ давталт нь “Үг” шүлгийнх шиг хэлбэрийн давтамж биш, харин санааны өсөлт, үгээр халхалсан далд философийн спираль ахиц үүсгэж байна. Мөр бүр дахин давтагдахдаа өмнөх санааг өргөтгөж, хүний олон төвт оршихуйг улам гүн рүү оруулдаг нь онцлог болж илэрхийлэгдэж байх шиг. Мөн түүнчлэн шүлгэн дотроо хөдөлгөөн үүсгэн шилжилт хийх нь “СЭТГЭНЭ”, МЭТГЭНЭ” төлөвөөр өрнөх ажээ.

Шүлгийн бүхий л дүрслэлүүд хоорондоо логик сүлжээсээр холбогдсон нь дараах байдллаас анзаарагдана.

“… худгийн мэлхийг шоолно”

“… хурмастын жигүүртэнд атаархана”

“Үнэгний сүүлэнд хууртдаг атлаа үнэн худлыг шүүнэ…”

Эдгээр нь тусдаа зүйрлэл биш; хүний оюун санааны төөрөгдөл, танин мэдэхүйн парадоксыг илтгэдэг философийн цогц дүрслэл билээ.

Шүлэгт байнга “хоёр төв” зэрэгцэн оршдог нь анзаарагдана.:

  • гаднах хорвоо ба дотоод оршихуй
  • хий хоосон мөрөөдөл ба гэгээрлийн төөрөгдөл – “Зэлүүд аглагт даяанчлавч бодлын шуугиан үл тасарна”
  • “арван төрөл дамжих сүнсний дурсамж” ба “ганц насанд үлдэх сэтгэлийн дуртгал”

Энэ эсрэгцэл нь зөвхөн уран сайхны гоёчлол биш; хүний сэтгэл – ухамсрын давхар бүтэц, дорны гүн ухааны “хоёр үнэн” (зохиомол ба бодит) үзэлтэй дүйцэж байх шиг..

Шүлэг эхнээсээ эцэс хүртэл нэг л оршихуйн учир зүйн мөн чанарт хүрч спираль хөдөлгөөнөөр эргэж буцаж, төгсгөлдөө төвлөрдөг нь:

“Бид нэгэн биеийнхээ дотор олон хүнтэй амьдардаг ч

Мөн чанарыг танигчийн сэтгэлд л мөнхийн амгалан оршдог” хэмээх төгсгөлийн хоёр мөрөнд зангидагдаж байгаагаар тодорхойлогдож байна. Энэ нь нийгэм–хүн–сэтгэл–ухамсар–оршихуйн олон төвтэй төөрөгдлөөс гарч, оршихуйн нэгэн цэгт төвлөрөх гэгээрлийн дүгнэлт юм.

Д. Нямдоржийн шүлгийг “Үг” шүлгийн бүдүүвч бүтэцтэй харьцуулахад:

  • Д.Нямдоржийн шүлэгт метафорууд бие биенээ үргэлжлүүлж, далд өгүүлэмжийн утгасын нэгэн сүлжээс болж байна.
  • Дүрслэл бүр энгийн магтаалаас зайлсхийж, утгын дараагийн түвшинг бүтээж байна.
  • Шүлэг уншигчийг танин мэдэхүйн оролцоонд соронздон татах төлөвд зангидагдаж, задалж ойлгохгүй бол уншиж дуусах боломжгүй болгож байх шиг. Энэ бол дээр дурдсанчлан яруу найраг гэдэг бол шүлэг бичсэн хүнээс илүү уншсан хүний дотор бүрэлдэх урлагийн гоо зүйн илэрхийлэл болж байгаагаар онцлог юм.

Энэ жилийн “Болор цом”-ын тайзнаа уншигдсан шүлгүүдээс М.Амархүүгийн бүтээл нь хэл найруулга, логик хөгжлийн бүтэц, уран дүрслэлийн зохиомжийн хувьд бүр ч өөр нэг туйл руу тэмүүлж байлаа. Хэрэв “Үг” шүлэг хэлбэрийн давталтдаа гацаж, Д.Нямдоржийн шүлэг танин мэдэхүйн спирал хөдөлгөөнөөр гүн рүү далласан бол Амархүүгийн шүлэг харин эсрэгээрээ дотоод драматизм, цаг үеийн архетип дүрслэл, сэтгэлзүйн задлал гэсэн шинэ шатны орон зайг нээж өгсөн нь миний сонирхолыг татлаа. Тийм учраас би үзэгчдийн танхим дотор өөрийн эрхгүй уулга алдсан нь нууц биш ээ. Түүний уншсан “Дэлхий” шүлэг нь дараах онцлог шинжээр бусад шүлгүүдээс ялгарч чадсаныг энд тэмдэглэвээс зохистой бизээ. М.Амархүүгийн “Дэлхий” шүлгэнд дүрслэлүүд нь зүгээр нэг үзэгдэл, объектын зүйрлэл биш; харин хөдөлгөөнтэй, амьтай, өөрийгөө эсэргүүцдэг “дотоод жүжиг” шиг өрнөнө.

Энэ нь хэл найруулгадаа дараах шинжээр илэрдэг. Дүрслэл бүр дараагийн мөрөнд зөрчил эсвэл эсрэгцэл үүсгэн шилжиж, тухайн эсрэгцэл нь сэтгэлзүйн эргэлт авчирч, уг эргэлт дахин шинэ утгын “тасралт” үүсгэнэ. Ийнхүү шүлэг нь нэг чигт урсах бус, тасралт — эргэлт — тасралт гэсэн динамик хөдөлгөөнөөр бүтэцлэгдсэн нь түүнийг “Үг” шүлэгт ажиглагдсан нэг шулуун хэмнэлт, нэг урсгал давамгайлсан бүтцээс эрс ялгаж байна.

Мөн түүний шүлэг дэх метафорын давхар төлөв:

Архетип – орчин үеийн харилцан солбилцол нь уламжлалт монгол хуучин хэлбэрээрээ бус, архетип дүрслэл болон дахин төрдөг. Амархүүгийн энэ шүлгийг бүхэлд нь авч үзвэл дөрвөн давхар метафор тогтолцоо байгаа нь ажиглагдлаа

  1. яст мэлхий, халим, тогоо
  2. Марс, хуулиуд
  3. Утга зохиол, урлагийн сонгодог дүрүүд (Нацагдорж, Есенин, Моцарт, Бетховен, Ван Гог…
  4. Орчин үеийн хүн ба сэтгэл–ухамсрын айдас/будлиан (бурхан–чөтгөр–хил…)

Эдгээр нь хоорондоо логик сүлжээгээр холбогдож, шүлгийн турш метафорын спираль өсөлт үүсгэнэ. Энэ нь Д.Нямдоржийн философийн спиралтай төстэй ч илүү психоаналитик даралтсэтгэлзүйн зөрчил агуулж байна. “Үг” шүлэг шиг шууд нэрлэлтэд баригдахгүй, харин дүрслэл бүр хоёр утгатай, амьтай, уншигчийн дотор дахин төрөх боломжийг бүрдүүлж байх шиг..

М.Амархүүгийн бүтээлийн нэг том давуу тал нь шүлгийн логикийг үг, өгүүлбэрийн хэлбэрээр бус, эмоциональ завсарлага, задгай мөрийн тасралт дээр тулгуурлан бүрдүүлсэнд оршиж байна.

  • Мөрүүд тасарч байгаа шиг боловч утга нь тасраагүй.
  • Утга тасарсан мэт боловч дараагийн дүрслэлд нуугдаж үргэлжилнэ.
  • Энэ “тасралт–үргэлжлэл”-ийн зохиомж шүлгийг уншигчийн оюун руу хүчтэй татаж, хамт бүтээгч болгодог. Мөн дээрхийн өгүүлсэнчлэн яруу найраг жинхэнэ бодь чанараараа уншигчийн дотоод ертөнцөд амилж байх шиг.

Харин “Үг” шүлэгт эсрэгээрээ: мөр тасардаггүй, утга ч тасардаггүй, шүлэг зөвхөн нэг чигт явдаг.

Миний жишээ болгон онцолж авсан эдгээр гурван шүлгийг уран сайхны хөгжил, логикийн бүтцийн үүднээс зэрэгцүүлэн авч үзвэл дараах шатлал тодорно:

  1. “Үг” — хэлбэрийн давталтын түвшний шүлэг
  • уран сайхны шинэчлэл бага
  • метафорын логик нэг төвтэй
  • уншигчийн оролцоо хаалттай
  1. “Мөн чанарыг танихуй” — утгын спираль өргөлтийн шүлэг
  • танин мэдэхүйн давхар бүдүүвчтэй
  • хоёр төвт эсрэгцлээр утга нээдэг
  • уншигчийг бодлын оролцоонд татдаг
  1. М.Амархүүгийн шүлэг — драматик-сэтгэлзүйн гүн талбартай орчин үеийн шүлэг
  • дүрслэлийн драматик зөрчил
  • архетип–орчин үеийн метафорын солбилцол
  • тасралт ба үргэлжлэлийн уран зохиомж
  • уншигчийг хамт бүтээгч болгодог уян хатан талбар

Ингэж харахад Амархүүгийн шүлэг нь “Болор цом”-ын тайзан дээрх уран бүтээлүүдийн дундаас утга, хэлбэр, уран дүрслэл, логик, хөдөлгөөн гэсэн дөрвөн хэмжээсээр хамгийн орчин үеийн уншлагыг бий болгосон бүтээлд тооцогдохоор байна. Тэр утгаараа “Үг” шүлгийн сонгодог магтаалын хандлагын эсрэг,
Д.Нямдоржийн харьцангуй философи–танин мэдэхүйн шүлгийн хажууд,
М.Амархүүгийн бүтээл нь илүү орчин үеийн сэтгэлзүй–уран дүрслэлийн эргэлт авчирсан шүлэг юмуу хэмээн миний зүгээс ийн дүгнэж байна.

Энэ жилийн “Болор цом” наадмын өнгө ингэж “солонгорч” эгэл бичээч миний мэлмийн толинд тусав. Наадмын шүүгчдэд би хэлэх зүйл байхгүй. Тэд бол “захиалагчийн захиалгыг гүйцэтгэсэн хэрэг. Мөн чанартаа бол шүүгчид миний бичсэн дээрх шүлгийн ур, хийцийг дотроо мэдэрч л байсан байх. Жил, жилийн яруу найргийн “шилдгийн шилдэг шүлэг шалгаруулах” гэдэг нэр томъёог “Болор цом” наадмаас авч хаях цаг нь болсон шүү. Үзэгчид, сонсогчид чинь “ажил хаялт хугацаагүй зарлаад байгаа гэдгийг манай зохиолчдын байгууллагын удирдлага мэдэрч, анхааралдаа авах, зохион байгуулалтын арга хэмжээ авах цаг нэгэнтээ болсон гэдгийг энэ дашрамд дуулгая. Эцэст нь хэлэхэд НАД өвчнөөр сүүүлийн хоёр жил “өвдөөд”, том жижиг найрхгийн наадам хэсүүчилж, шүүгчээ хармаалж очоод шагнал юуг нь “дээрэмдээд” байдаг Пэрэнлэйн Нямлхагва гэдэг нөхөр гадуур Монголын зохиолчдын дарга болох гээд энэ жилийн “Болор цом” бужигнуулагч Н.Минжинсайхантай хөтлөлцөн явааг нийт гишүүд зохиолчдод дуулгая. Ёс суртахуун нь үгүй болсон энэ мэт нөхдөөр ирэх дөрвөн жилээ удирдуулмааргүй л байна шүү.

Ганжууржавын БАТЖАВХЛАН

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *