“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний даваа гарагт бүх нийтээр амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.
УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзсэн.
Монголчуудын байгуулсан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс 1911-1919 онд оршин тогтносон билээ. 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол Улсын анхны төрийн сайдууд юм. Гадаад хэргийн яамыг Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамыг Да лам Цэрэнчимэд, Сангийн яамыг Түшээ гүн Чагдаржав, Цэргийн яамыг Засаг бэйс Гомбосүрэн, Шүүх яамыг гүн засаг Намсрай нар тус тус хариуцаж, анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдов. Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Орос улсаас рублийн зээл хүсэж зэр зэвсэг худалдаж авсан бөгөөд цэргийн мэргэжилтэн урьж Хужирбуланд цэргийн сургууль нээв. Орчин цагийн сургууль байгуулж, Эрхүүд оюутан суралцуулж, сонин бичгийн анхны дугааруудыг хэвлэн гаргажээ.
1915 оны 4 дүгээр сард Монгол, Орос, Хятадын хооронд нэгэн хэлэлцээр хийсэн бөгөөд үүнийг түүхэнд “Хиагтын гурван улсын хэлэлцээр” гэж нэрлэдэг. Орос, Хятад хоёр Монголын газар нутгийг авахыг санаархан монголын төлөөлөгчдийг урьж оролцуулсан хэдий ч Монгол улсын бүрэн эрхийг хязгаарлаж Хятадын харъяаны, улс төрийн хагас эрхтэй, Орос, Хятадын аль аль нь цэрэг оруулахгүй бүс байлгахаар үгсэн нийлж “Автономит Монгол улс” гэж нэрлэхээр шийдсэн гутамшигт үр дүнгээр дууссан билээ.
Монголын төлөөлөгчдийн зүгээс Ар Монгол төдийгүй Хөлөнбуйр, Тува, Цахар, Түмэд, Ойрадын нутаг дэвсгэрийг тэр чигээр нь Монголын хил хязгаарт багтаан харъяалуулах хүсэлтэй байсан боловч бүтээгүй юм. Ийнхүү янз бүрийн дарамт шахалтын эцэст Монгол улс дөрвөн жилийн дараа тусгаар тогтнолоо алдсан билээ. Түүний дараа 1917 онд Оросод Октябрийн хувьсгал ялж хаант Оросын үед гаргасан бүх гэрээ хэлэлцээр хүчингүй болжээ.
1918 оны 2-р сарын 5-ны өдөр Монгол улс хүн амын тооллогыг албан ёсоор явуулсан бөгөөд 542 мянган хүн бүртгэгдэж, 20 орчим сая малтай болох нь тогтоогджээ. Хүн ам цөөхөн байсны шалтгаан нь амьдралын нөхцөл хүнд, эхийн эндэгдэл их, халдварт өвчин газар авсантай холбоотой байснаас гадна хүрээ хийдүүдэд буддын шашин дэлгэрч, хүн амын 100 мянга нь лам данстай байсан учраас гэрлэлт, төрөлт асар бага байсан гэж үздэг. Тухайн үед Монголд Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд гэсэн гуравхан суурин газар, 700 гаруй сүм хийд байсан юм.
1919 оны 5-р сарын 7-нд Дорнод аймгаас холгүй орших одоогийн ОХУ-ын Чита хотын орчимд байдаг Дагуур хэмээх тосгонд Японы дэмжлэгтэйгээр Нармай Монгол улс гэж байгуулан, нийслэл нь Хайлаар байхаар товлож, Орос, Хятадын дундуур уудам нутаг бүхий монгол үндэстэнг нэгтгэсэн Холбооны улсыг бий болгов. Бүрэлдэхүүнд нь Буриад, Өвөрмонгол, Барга, Ар Монгол багтана хэмээн зааж улсын тэргүүнээр атаман Семенов, Өвөрмонголын Чингис хааны удмын Нэйс гэгээн нар сонгогдож тусгаар тогтнолыг нь Япон улс хүлээн зөвшөөрчээ. Эл явдал тухайн үедээ дэлхийг шуугиулсан мэдээ болж Орос, Хятад, Франц, Англи улсын зүгээс Японд шахалт өгсний дээр Ар Монголоос олигтой дэмжлэг авч чадалгүй байсаар ердөө жилийнхээ ойд хүрэлгүй нуран унажээ. 1919 оны намар Хятадын засгийн газар Сюй Шү Жанаар удирдуулсан цэргийн хүчийг Монгол руу оруулж Их Хүрээг эзлэн аваад Монголын автономит эрхийг устгах ёслолыг Гандантэгчэнлин хийдэд хийлгэн Богд хааныг Хятадын удирдагч Да Жун Тан хэмээгчийн хөрөгт мөргүүлжээ.
Монголчууд ийнхүү тусгаар тогтнолоо алдсан ч Их Хүрээнд үндэсний сэхээтнүүд, эх орончдоос бүрдсэн нууц бүлгүүд үүсэж харийн дарлалаас ангижрах арга замыг хайж байсан бөгөөд тэдгээр нь Консулын бүлгэм, Хүрээний бүлгэм, Түшмэдийн бүлгэм гэж нэрлэгдэж байв. Бүлгэмүүд харилцан зорилгоо мэдэлцэж Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэн, Сюй Шү Жаны амь насанд халдахыг оролдон бололцоотой бүхий л алхмыг хийжээ. Эл үед Оросыг хамарсан иргэний дайн намжиж, Барон Унгерн Монголд орж ирэн хятадын гамин цэргийг хөөн гаргасан ч нэг дайсан нөгөөгөөр солигдсонтой ялгаа байхгүй байлаа. Гэвч Нийслэл Хүрээний нууц бүлгэмүүд тууштай тэмцсээр Ардын журамт цэргийг байгуулан 1921 оны 3 дугаар сарын 18-нд Алтанбулагийг чөлөөлж, Барон Унгерний цэрэгт хөөгдсөн 10 мянга гаруй гамин цэргийг ялжээ. Улаан оросууд Монгол руу шууд цэргээ оруулахаас зайлсхийж байсан нь Оросын талын байр суурь тодорхойгүй, нөгөө талаар хятадын армиудтай шууд тулахыг хүсээгүйтэй холбоотой гэж үздэг. Монголчууд өөрсдийн цэрэг армийг байгуулах гэж оролдсон бөгөөд энэ нь эх орноо гэсэн халуун сэтгэлтэй малчин, анчин гөрөөчин 400 орчим эрчүүд байв. Ардын нам, Ардын журамт цэргийн тэмцэл үргэлжилсээр 1921 оны 7 дугаар сарын 8-нд Нийслэл Хүрээг чөлөөлж, Ардын Засгийн газрыг байгуулж, Богд гэгээнийг “хэмжээт эрхт хаан”-д өргөмжлөн, улсаа Хэмжээт цаазат Богд хаант Монгол Улс хэмээн нэрлэхээр тогтжээ.





