Reddit сүлжээн дээрхи Mongolia хэсэгт нэгэн Филиппин охин ийм юм бичээд үлдээж. Хавсрагасан зураг нь эвгүй тул текстнээс нь зураг болгож оруулав. Хүний наймаа, хүн амины хэргийн хохирогчийн охин юу болсныг өөрийнхөөрөө дэлгэжээ.
Филиппин улсын иргэн Нириэл Атиенза (Nyrriel Atienza) миний бие танай Үндэсний Галерейд мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байж болзошгүй талаар, мөн танай ивээн тэтгэгчдийн нэг болох Монгол Улсын иргэн Эрдэнэбатын Жаргалан болон түүний эхнэр Жаргалсайханы Цэнгүүн нар ноцтой гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээлэх гэсэн юм.
2010 онд миний ээж Террил Атиенза (Terril Atienza) нь Алекс Нео (Alex Neo)-гийн эзэмшлийн “Regent Employment Services”-ээр дамжуулан Сингапурт гэрийн үйлчлэгчээр ажиллахаар явсан. Гэвч 2011 оны 6-р сарын 19-нд Алекс Нео түүнийг зохих бичиг баримтгүйгээр, хүсэл зоригийнх нь эсрэг Эрдэнэбатын Жаргалан-гийн гэрт ажиллуулахаар Сингапураас Монгол руу хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгон явуулсан. Түүний ээж Даваахүүгийн Сэргэлэн нь Австри улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулын албан тушаалаа ашиглан миний ээж Террил Атиенза-г гэрийн үйлчлэгч хийлгэхээр хууран мэхэлж авчирсан байдаг. Түүгээр ч зогсохгүй тэрээр Эрдэнэбатын Жаргалан-г Монгол Улсын Ерөнхий сайд асан хүний хүү гэж ээжид минь худлаа хэлсэн байсан.
Ээжийг Монголд ирмэгц Д.Сэргэлэн түүний гар утас, паспортыг нь хураан авч, амралт, нойргүйгээр 4 байшин цэвэрлүүлж, тохирсон цалинг нь өгөхөөс татгалзсан. Э.Жаргалан түүнийг удаа дараа зодож, дарамталдаг байсан. Бид ээжтэйгээ хэдэн сарын турш холбогдож чадаагүй. Тэрээр ухаан санаагаа эрүүл байлгахын тулд олон захидал нууцаар бичиж, найзынхаа утсыг ашиглан фэйсбүүкээр цөөн хэдэн удаа зурвас илгээж чадсан байдаг. 2011 оны 11-р сарын 13-нд надад илгээсэн сүүлчийн зурвастаа ээж минь Филиппин рүү буцах арга хайж байгаагаа бичсэн байсан. Долоо хоногийн дараа буюу 2011 оны 11-р сарын 20-нд ээж Террил Атиенза-г нас барсан гэж мэдээлсэн.
Улаанбаатар дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг золгүй явдал гэж дүгнэсэн. Гэвч Филиппин дэх Үндэсний мөрдөх товчооноос (National Bureau of Investigation) хийсэн тусдаа задлан шинжилгээгээр биед нь гэмтэл, хөхрөлт үүссэн, золгүй явдалтай нийцэхгүй нотлох баримтууд илэрсэн юм.
Өнөөдрийг хүртэл манай гэр бүл түүний бичсэн захидлууд, зөөврийн компьютер, утсыг нь хүлээж аваагүй бөгөөд ямар ч тайлбар, нөхөн төлбөр аваагүй. Монгол ажил олгогч Д.Сэргэлэн, Сингапурын зуучлагч Алекс Нео нарын хэн нь ч хариуцлага хүлээгээгүй.
Ээжийн минь зуурдын үхэл манай гэр бүлийг бүхэлд нь сүйрүүлж, бид хэзээ ч сэргэж чадаагүй. Би дөнгөж 16 настайдаа гэр бүлээ тэжээх цор ганц хүн болох шаардлагатай тулгарсан. Бусад өсвөр насныхан хичээлдээ сууж байхад би дүү нараа тэжээхийн тулд Манилагийн гудамжинд өдөрт 18 цаг, долоо хоногт 7 өдөр ажиллаж байв. Ээжийн үхэл түүнийг биднээс булаагаад зогсохгүй, намайг сургуулиа хаяхад хүргэсэн. Аав минь хэт их ажил, уй гашуу, Сингапур дахь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой санхүүгийн дарамт болон ээжийн оршуулгын зардлаас болж сүрьеэ өвчнөөр өвчилж, амьдрахын төлөө тэмцэж байсан.
Ээж минь зүгээр нэг “азгүй” байсангүй. Түүнийг танай ивээн тэтгэгч Э.Жаргалан-гийн ээж Д.Сэргэлэн хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгож, хүүгийнхээ гэрт олон зуун архины шил, бэлгэвч, ялгадас цэвэрлүүлэхээр аваачсан байсан. Архи, хар тамхи, хүчирхийлэл ноёрхсон тэр айлд Э.Жаргалан ээж болон бусад филиппин асрагч нарт хэрхэн аймшигтай хандаж байсан тухай ээжийн бичсэн зурвасууд бидэнд бий. Тэд түүнээс маш их айдаг байсан тул тайван унтахын тулд хаалгаа түгжиж, дэрэн доороо хутга нуудаг байсан.
Ээжийн амьдралын сүүлийн 5 сар үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэр ядарч туйлдсан, цалингүй ажилласан, амрах эрхгүй, эрүүл мэндийн даатгалгүй, нөхөр, насанд хүрээгүй 5 хүүхэдтэйгээ холбоо барихыг хориглосон байв. Тэр Э.Жаргалан-гаас айж, биеэрээ дүүрэн хөхрөлт, зүсэгдсэн шарх, тамхины түлэгдэлттэйгээр нас барсан. Ээж Террил Атиенза зүгээр нэг алагдаагүй, задлан шинжилгээний дараа зүрх, тархи нь алга болж, ходоодонд нь сонин чихсэн байсан нь Террил Атиенза-г доромжилсон хэрэг байв.
Сүрьеэ өвчнөөр үхэж буй аав, өлсгөлөн 4 дүүтэйгээ үлдсэн 16 настай надад Монгол болон Сингапурт мөрдөн байцаалт явуулах, хариуцлага нэхэх ямар ч боломж байгаагүй, шүүх засаглалын тогтолцоог ойлгох мэдлэг, туршлага ч дутмаг байсан. Бид Э.Жаргалан болон түүний харгис ээж Д.Сэргэлэн нарын хүч чадлыг ойлгодоггүй, Террил Атиенза-гийн өнчирч хоцорсон, дуу хоолойгүй, хаягдсан хүүхдүүд байлаа. Өнөөдрийг хүртэл миний дотор уур хилэн дүрэлзсээр байна, ялангуяа Э.Жаргалан худал хуурмаг, заль мэхээр хэр их эд баялаг, нөлөөллийг хуримтлуулсаар байгааг харах тусам бүр ихэсдэг. Өнөөдөр Э.Жаргалан тансаг зэрэглэлийн “Sentosa Golf Club”-т өдөр бүр гольф тоглож, эхнэр нь Chanel-аар гоёж Үндэсний Галерейн үдэшлэгт очиж байхад бидний амьдрал сүйрч байна.
Гэвч Э.Жаргалан-гийн хувьд харамсалтай нь үйлийн үр гэж байдаг аж. Саяхан Монголын нэгэн алдартай эрэн сурвалжлах сэтгүүлч 2011 онд болсон ээжийн минь сэжигтэй үхлийн талаар надтай холбогдсон. Э.Жаргалан-гийн дүү Эрдэнэбатын Тэмүүлэн 2025 оны 7-р сарын 19-нд Улаанбаатар хотод 17 настай хүүг олон зуун хүний нүдэн дээр хараагүй болтол нь зодсон хэрэг гарчээ. Энэ явдлын дараа олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрч, Монголын ард түмэн ээжийн минь үхлийн хэргийг хувиараа шалгахыг шаардаж, олон сая төгрөгийн хандив цуглуулсан. Энэхүү гайхалтай сэтгүүлч Будрагчаагийн Сэрдамба-ын тусламжтайгаар би Д.Сэргэлэн болон Э.Жаргалан нарын бузар муу хүч чадлын эх үүсвэрийн талаар ихийг олж мэдсэн.
Үндэсний Галерей нь олон нийтийн байгууллага, иргэний итгэлийг хүлээсэн газар тул танай ивээн тэтгэгчдийг шалгах бодлого, хандивлагчдыг хүлээн зөвшөөрөх журмаа эргэн харж, танай санхүүжилт авлига, гэмт хэргийн орлогоос бүрдээгүй гэдгийг баталгаажуулахын тулд ямар арга хэмжээ авах талаар 30 хоногийн дотор бичгээр хариу өгөхийг би хүндэтгэлтэйгээр хүсч байна. Танай галерейг зорьдог хүмүүс болон чимээгүйхэн зовж шаналж буй гэр бүлүүд ил тод байдал, наад захын хүнлэг ёсыг хүртэх эрхтэй. Хэрэв Үндэсний Галерей арга хэмжээ авахгүй бол бид олон нийтэд энэ бүхнийг ил болгож, шударга ёс тогтох хүртэл зогсохгүй гэдгээ мэдэгдэж байна.
Хүндэтгэсэн, Нириэл Атиенза Террил Атиензагийн охин nyrielatienza@gmail.com +63 995 573 5007 Кесон хот, Филиппин
Via Chingis Gantuya





