дэлхийн анир

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

Өнөөдөр “Олон улсын Хүний Эрх”-ийн өдөр. Энэ өдрийг 1950 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж иржээ. 

Үймээн самуун, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гээд хүнийг хүн ёсоор амьдрах бүх л болоцоог нь хаасан он жилүүд дэлхийн 2-р дайныг дуустал үргэлжилсэн гэж болно. Энэ л хүнд он жилүүдийн дараа дэлхий нийтээрээ хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож, НҮБ-аас 1948 оны 12-р сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталжээ. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм. 

Монгол Улсын хувьд 1961-онд НҮБ-ын гишүүн орон болсон ч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын талаар олон нийт огт мэдээлэлгүй байсан байна. Энэ нь тухайн цаг үеийн улсын бодлого, үзэл сурталтай ч холбоотой байсан байж болох юм.

Харин 1989 оны намар тухайн үеийн ЗХУ-д болосрол эзэмшсэн С.Амарсанаа гэх сэтгүүлч залуу  худалдаж авсан орос сэтгүүл дээрээсээ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэгчийг анх олж уншжээ. Үүнээс л ийм чухал зүйл дэлхий нийтэд байдаг гэдгийг санаа нийлсэн нөхдөдөө ярьж, хэлэлцэж явсаар анхны ардчилсан хувьсгал гарах очийг үсэргэжээ.

Ийнхүү С.Амарсанаа нарын 10 гаруй залуу “Монголын ардчилсан холбоо” гэж байгуулан 1989 оны 12-р сарын 10-ны өдөр анхны цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо нийтэд хүргэж байж. Тэр цаг үед тухайн цуглаанд 30 гаруй хүн л ирсэн гэдэг. Энэ л үеэс залуу үеийнхэн нуугдмал байсан шинэ зүйлийг соргогоор тусган авч, хүн бүрт эдлэх ёстой эрхийг нь таниулах эхний алхмуудыг хийж, 1990 онтой золгожээ. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *