дэлхийн анир

НАТО УКРАИНД ЗОРИУЛЖ 4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ЗЭВСЭГ ХУДАЛДАЖ АВНА

Украины дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж буй энэ үед НАТО-гийн орнууд Украинд зориулан АНУ-аас нэмж зэвсэг техник худалдан авахаа зарлалаа.  Умард Атлантын эвслийн орнуудын гуравны хоёр нь нийт 4 тэрбум гаруй ам.долларыг зэвсэг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте лхагва гарагт Брюссельд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ. 

Зэвсэг худалдан авах санхүүжилтийг 2025 оны зун НАТО болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хооронд хүрсэн тохиролцоогоор хэрэгжиж эхэлсэн PURL (Prioritised Ukraine Requirements List) хөтөлбөрийн хүрээнд олгох юм.

Энэхүү худалдан авалтад анх удаа НАТО-гийн түнш улсууд болох Австрали, Шинэ Зеланд оролцоно. Тус худалдан авалтын хүрээнд 1 тэрбум орчим ам.долларыг Patriot пуужин болон бусад зэвсгийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ. Украинд цэргийн тусламж үзүүлэх шинэ баталгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга “гойд сайн мэдээ” гэж тодорхойлжээ. Тэрбээр НАТО-гийн түнш орнууд PURL механизмийн хүрээнд оны эцэс гэхэд 5 тэрбум ам.доллар гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин 2026 онд 15 тэрбум орчим ам.доллар шаардлагатай, “магадгүй үүнээс яльгүй их” байж болохыг Рютте онцолсон байна.

Түүний хэлснээр, ирэх онд НАТО-гийн орнууд сар бүр АНУ-ын зэвсэг, сум хэрэгслийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах ёстой. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин амдан сөнөөгч зэрэг чухал хэрэгслүүд, мөн довтолгооны систем багтаж байгаа аж.

Үүний зэрэгцээ НАТО-гийн тэргүүн Украинд эхлүүлсэн ОХУ-ын дайныг зогсоох тохиролцоонд хүрэх талаар гаргаж буй АНУ-ын засаг захиргааны хүчин чармайлт үр дүнд хүрээгүй байгааг дурджээ. НАТО-гийн орнуудаас үзүүлж буй дэмжлэг нь Оростой хийх хэлэлцээнд Украиныг хүчтэй байр сууринаас оролцох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгааг Рютте тайлбарласан байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *