Тарваган тахлыг гоц халдварт өвчин гэдгийг бид мэднэ. Яг тэрэн шиг сөргөлдөөн Монголын намуудад тархжээ. Халдварласан юм биш шүү. Системийн гажуудал тартагтаа тулсны илрэл гэсэн үг. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө үзэж тарж, тарж бутрахдаа тулж байсан АН арай гэж нэг саванд дуртай дургүй багтаж, сонуульдсан. Хэрэвзээ сонгууль дөтлөөгүй байсан бол чухам яах байсныг таашгүй.
Сонгуулийн дараа Засгаа хамтарч бариад эв нэгдлийн хүчээр эх орноо мандуулна гээд байсан МАН яалаа даа. МАН-ын сөргөлдөөн манай улсын судер гэгдэх MCS группээс улбаатайгаар эхлэж, тус намын залуу үе ба ахмад үеийнхэн алалцаж, намын дүрэм журам хууль ёсыг огоорон тулалдсаар одоогоор бас ч гэж яах вэ намжсан дүр зураг үзэгдэж байна. Үзэгдэж гэхээсээ үзүүлж байна. Үнэндээ МАН-ынхан, монголчуудад хайртайдаа голын хоёр эрэгт гарчхаад бие бие рүүгээ чулуу шидээгүй. Төрийн мөнгийг хэн нь хяналтгүйгээр удирдах вэ гэдэг эрхээ булаацалдсан…
Ялалт Ерөнхийлөгчийн бүр тодруулбал MCS-ийн талд очсон. Хулгайч зэлгийчээрээ дуудалцан, сөргөлдсөн сөргөлдөөний үр дүн гарах яагаа ч үгүй байна. Гэхдээ арай ахмад, илүү муу санаатай тулдаа эвлэж нэгдсэн дүр эсгэж, эгэл түмнээ түр ч болтугай тайвшруулж чадлаа. Гэхдээ галт уул хэзээ дэлбэрэхийг хэн ч мэдэхгүй.
Ийнхүү МАН-ынхан маапаанаа албадан хүчирхийлж, аяга савандаа багтааж ядах зуур дараагийн намын хуваагдал эрчээ авч эхэллээ. Их хурлын сонгуулиар таван суудал авч, дарга нь сайдын сэнтийд заларсан ч савандаа багтаах аргагүй болсон зодоон нь амсар давж, хальж урсаад эхэлчихэж. Эх сурвалжийн өгүүлсэнээр энэ бүх бужигнаан тус намын дарга, энэ Засгийн газрын гишүүн Б.Батбаатарын хутгасан бантангаас эхлэлтэй аж. Бантан нэгэнт гашилж, “идэх” аргагүй болсон нь өнгөрсөн амралтын өдөр болсон /2025.11.29/ Иргэний зориг ногоон намын их хурлаар нотлогдов.
Төрийн ордонд болсон хуралдаан хоёр тусдаа болсон бөгөөд ИЗНН-ын их хурлаар намын дүрэм шинэчлэх тухай хэлэлцсэн ч намын дарга Б.Батбаатарын ураг төрлийн хүмүүс намын удирдах албан тушаалд байгааг эсэргүүцэн УИХ-ын гишүүн Р.Батболд, УИХ-ын гишүүн М.Нарантуяа (Нара), намын дэд дарга С.Батбаатар нар анхан шатны гишүүдийн хамт тусдаа хуралдан шаардлага хүргүүлснээр баталгаажаад байгаа юм. Нөгөөтэйгүүр АН-аас угшилтай мань Б.Батбаатар өөрийн эрх мэдэл, боломжийн хүрээнд албан тушаалд анхны намынхаа нөхдийг тавьсан нь ИЗНН-ын хууччуулын уур, дургүйцлийг хүргэж орхисон юм байна. Үнэндээ ч хойноос ирээд хот, хотонд ороод хуц минийх гээд байхаар хэн дуртай байх вэ.
Эгдүүцэж дургүйцсэн ИЗНН-ын гишүүд эдүгээ Б.Батбаатарыг намаасаа хөөх тухай ярилцаж байна. Түүнийг намын үнэт зүйлээсээ ухарсан хэмээн намын даргын албанаас буулгаж, намаас хөөх аваас жагсаалтаар УИХ-д заларсан гишүүний сэнтий ч хэлтийж таарна. Сайдын суудал бүр ч тодорхой.
Эцэст нь тэмдэглэхэд, ардчилсан нийгэмд төр ямар байх нь улс төрийн намын төлөвшлөөс ихээхэн хамаардаг. Өнөөдөр Монгол төрийн үйл ажиллагааг бүтнээр нь засаглан авч явах улс төрийн хүчин төлөвшөөгүй байна гэдэг гашуун атлаа бодит үнэнтэй нүүр тулахаас өөр гарц аанч харагдахгүй байна. Намуудыг татан буулгая… Вирусыг эмчлэх арга байхгүй устгах л арга бий…





