нэр төр

С.ЖАВХЛАН: ЛОНХТОЙ НАЙЗЫГ БАЙРАНД НЬ ТАВЬЯ

Нийгэм шунаглаж уудаг болж байна. Чамайг уудаг шүү дээ, ууж л байдаг гээд найзууд чинь ажлаа хөөцөлдөж хөөцөлдөж гэнэт зав чөлөө гарч уйдаагаа гаргаж уух болохоороо чамайг сая л санадаг болж байна. Тэгвэл чи бусдын зугаагаа гаргадаг хэрэгсэл болж эхэлж байна. Хүндлэгддэг хүн байхаа больж үнэ цэнэгүй хүн болж эхлэх гэж байна.

Ажил төрлөө амжуулж байгаад уйдахаараа очино доо, уулзаж ганц нэг юм хөнтрөнө дөө гэдэг хүн нь чи болох гэж байна.

“Лонхтой найз” чинь Ханиас чинь илүү үрээс чинь, Монголоос чинь илүү, Тэнгэрээс чинь ч илүү болох гээд байна. Гэтэл чи тэнгэрлэг Монгол өвгөдийн үр сад гэж байгаа. Тэгвэл одоо Найзыг байранд нь тавъя! Чи Найз нараа шүүдэг дүгнэдэг нэгэнтэй нь нийлж нөгөөг нь муучилж ярьдаг уу? Ярьдаг шүү дээ! Харин “Лонхтой найз”-ыгаа дүгнэж шүүж байсан үе чамд байна уу? Наад нөхөр чинь бүх юмыг чинь орлох гээд байна шүү!

Асууя: “Лонхтой найз”-аараа та тэнгэрээ, үр хүүхдээ, хань ижлээ, үзэл бодлоо, эх орноо солих уу? Бүгд л үгүй гэх байх. Яг үнэн үү? Үнэнээсээ хариулж байна уу? Хэрэв үнэн бол одоо “лонхтой найз”-ыг байранд нь тавъя! Хүнд баярлах жаргах, хөөрөх өчнөөн хувирал байдаг. Энэ бол хүн бүрт бага их ч байдаг л араншин. Танд зөвлөхөд Лонхтой найзтай найзалж болно, тэхдээ хэтэрхий битгий өөртөө ойртуул!

Жишээ нь: Нэг найз чинь танай гэрт орж ирчихээд дураараа чиний өвөр түрийнд чинь, ороод л ор дэрэн дээр чинь хэвтээд л, өмд хамдыг чинь өмсөж гүйгээд л, яв гээд байхад явахгүй! Яг өөрийнх нь юм шиг бүх юмыг чинь хэрэглээд эдлээд байвал чамд тухтай байх уу? Чи гайхна биздээ? Тэрэн шиг “Лонхтой найз” яг тэгээд байгааг чи анзаарч байна уу? “Лонхтой найз” танайд чамд хамгийн эрхэм хүн чинь болчихоод байна.

“ЛОНХТОЙ НАЙЗ” бол байнга чиний хүндэтгэлийн ширээн дээр чинь, байнга дэргэд чинь, хаана ч явсан байж л байгаа. Тэгвэл дахин хэлье! Энэ найзыг жаахан өөрөөсөө зайтай байлга. Наад найз чинь ухаарна. “За би бол энэ нөхрийг дийлэхгүй юм байнаа. Энэ нөхөртэй бас жаахан аятайхан харьцахгүй бол энэ чинь намайг бүр хаячих юм байна” гэж АЙЛГА НААДХАА, хэмжээнд нь байлга! Бүх юм хэмжээтэй! Хүний нас ч, амьсгал ч зүрхний цохилт ч тэр, амьдралын хайр ч, үр хүүхдийн тоо ч тэр юм бүхэн хэмжээтэй! Тэгвэл “лонхтой найз” чинь мөн адил балгахад хэмжээтэй байх ёстой! Тэгэхгүй бол наад найз чинь чиний бүх юмыг эзэгнээд байна.

Чамаас асууя: Чи сайн идлээ идлээ гэхэд 10 аяга гурилтай шөл иддэг үү? Асууя, 10 таваг хуурсан мах, гурилан бухал /цуйван/ иддэг үү? Тэгвэл чи найзаасаа хэдэн өдрөөр нь 10 битгий хэл аягаар татаад байна. Удахгүй бие чинь дийлэхээ болих гэж байна. 60,70,80-тай байх өөрийгөө одоо өрсөж хайрла гэх гээд байна. Баярлах, гуниглах, ганцаардах, гомдох, сагах, онгирох гээд хүний сэтгэл зүйн тогтворгүй байдал лонхтой найз нарыг хөгжөөгөөд онгироогоод байдаг. Тэгвэл сэтгэл зүйн хувьд маш өндөр хаттай байх ёстой.

Өнөөдөр улс орон чинь сөхөрч сөгдөх тухай хүртэл яригдаж байна. Чи зөвхөн өөрийнхөө эргүүлэг тойрог дотор л хөврөөд байна. Уриалъя. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ барьж суръя!

Хүнд хагартлаа баярлах, гуниж гомдоллох үе гарна тэр үед лонхтой найзыг дуудаадхаач, хүрээд ирээч гэнэ. Цаадах чинь уухайн тас харайгаад л гүйгээд ирнэ. Цаадах чинь хачин дуртай ирнэ, тэгээд нэг ирэхээрээ явдаггүй болж эхлэнэ. Ихэнхдээ нилээн уддаг болж ирнэ. Ингээд чиний орон дотор, амьсгал дотор чинь хүртэл “лонхтой найз” орчихсон байдаг. Бүр нулимсан дотор чинь, залбирал дотор чинь хүртэл нэг мэдэхэд орчихсон байна.

Нэг аятайхан сэтгэл хөдөлгөсөн шалтаг гарч ирж та хөөрч өдөөгдлөө, зөрөөд л өнөө лонхтой найз “хоёулаа тэмдэглэе л даа” гээд дотроос чинь загатнуулаад, суулгахгүй өдөөд эхлэнэ. За ингээд “төлөө” гэж ирээд л өргөөд намжирдаад эхлэнэ дээ. Үнэн ярьж байна уу? Тэгэхээр энд хэн ялаад байна. Энэнд “лонхтой найз” мань хашир л ялаад байна. Тэгэхээр одоо наад хамгийн сайн найзыгаа хэмжээнд нь тавих цаг иржээ. Тэр давраад байна. Энэнийг даврааж байх тэр хоорондуур харь элэг сэтгэлтэн, яс цус буруутангууд эх орноос чинь нүүрс, алт зэсийг чинь, бүх баялагийг чинь, өнгөтэй өөдтэй гэсэн эд зүйлсийг хуу хамаад дуусгахаар улайрцгааж байна. Цаашлаад эрх чөлөөгөөр чинь тусгаар тогтнолоор чинь тоглох гэж байна.

Гэтэл энд чам дээр “Лонхтой найз” ганцаараа орж ирчихээд гараад явахдаа хичнээн олуулаа гарч явж байна. Дахиад нэмж найз найзыгаа дагуулж олон болж үржиж очоод байна. Найз нь найзыгаа дагуулж ирээд байна. Энэ өнцгөөс та урьд нь анзаарч байж уу? Тан дээр биш юмаа гэхэд эргэн тойронд чинь ийм үзэгдэл байна уу? За тэгээд маргааш нь сэрэхээр найзууд нь дахиад л хүрээд ирнэ. Хатуу үнэн нь ”Энэ дуусахгүй” Харин энэнээс хүн өөрөө өөрийгөө л сэргийлнэ.

Чамаар “Лонхтой найз” дотно хүмүүсийг чинь бусдыг залхаалгаж, цөхрөөлгөж, балыг нь баруулж сэтгэлийг нь уруулж байна, хараалгуулж, уурлуулж, хэрэлдүүлж, эв эе алдруулж зодолдуулж бүр гэмт хэрэг хийлгэж байна. Чамаар “Том баййййй” гэж орилуулж чадаад байна. Ажил дээр чинь ихэрхүүлж пээдийлгэж өлхөн дөнгөөд байна. “Ай үхсэн яадаг юм ганц амьдарна шүү дээ, алив нэг хийчих” гэж өөрөөр тань хэлүүлж чадаад байна. Тэгвэл одоо найзыг байранд нь тавья.

Найз улам л өнгө ороод байна. Чи байр сууриа алдаад л байна. Гэтэл найз бүр сүүлийн 30-д жил элэг цээжиндээ агуу их эзэн Чингис хааны хөрөг зураг хэвлүүлээд наачихсан гангарч явна шүү дээ! Омогшил, бахархал хайр дээр чинь тоглож овжин зальжин нөхдүүд тохуу хийж чамд найзыг арилжиж чадаад байна шүү дээ. Угтаа бид тэр агуу эцэг өвгөдийн Үг сургаалийг зүрх сэтгэлдээ, яс махандаа мөрдлөг болгон гэрэлтүүлж үргэлжлүүлж өртөөлж явах ёстой байтал зүгээр тэнд хөргийг нь “Лонхтой найз” өмчилчихсөн аль л өнгөтэй болгоны орой дээр заларч явна. Зөвхөн энэ ч биш сүүлийн 30 гаран жил Монголд юу хөгжиж юун дээр бид хамгийн их ололт амжилт олов оо, гэвэл хамаг түрүүнд “Лонхтой найз”-ын хаяг шошго, шил толь, гадар хувцас л хамаг сайнаар өнгөжин гялалзлаа. Зөв үү? Энэ тал дээр та санал нийлж байна уу?

Тэгтэлээ өнгө оруулсан байна. Найзыг бид л давраагаад байна. Бүх баяр бүх л юманд анд хамгийн тэргүүнд цохиж явдаг болсон байна. Хязгаарлаж хазаарлаж авахгүй бол цадигаа алдаж байна. Тэгсэн мөртлөө “Лонхтой найз” маань өөрөө хүндэт ширээнийхээ тэргүүн дээдэд өргөмжлөгдөн заларсаар даварсаар л…

Хүнд-итгэсэн: МУАЖ Самандын Жавхлан

2025.11.27

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *