Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооноос ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг МАН-аас “хөөсөн” шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Эргэн сануулахад өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн намын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан юм. Тухайн үеийн МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар “УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Бага хурлын гишүүнээс хасах асуудал яригдахаас өөр аргагүй боллоо. Учир нь намын олон гишүүн шаардлага тавьсан. МАН-ын Хяналтын хороо 21 гишүүнтэй. Намын гишүүнээс хөөх, эсэх асуудлыг бид хэлэлцээд, олонхоор шийднэ. Хороо энэ асуудлыг дангаараа гаргах эрхтэй, Бага хурлаар хэлэлцэх шаардлагагүй. Б.Энхбаяр гишүүн намаас хөөгдөх шаардлагыг хангасан гэж үзэж байна” гэж байж билээ.






