эдийн засаг

ИРЭХ ЖИЛЭЭС AI КАМЕРААР ТОРГУУЛЬ НОГДУУЛНА

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчилд торгууль ногдуулж эхэлнэ. Тодруулбал, 2024 оны нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийг гар утсанд мессежээр илгээсэн ч торгууль ногдуулдаггүй байсан. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм.

Цагдаагийн байгууллагад өдөртөө 250-300 орчим зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна.

Эдгээр дуудлагын дийлэнх нь дээр дурдсан замын хөдөлгөөний зөрчлүүд байдаг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс AI камерын системээр хянаж эхэлснээр эдгээр зөрчлүүд буурч, цаашлаад түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *