нийгэм, соёл

СӨБ БОЛОН БАГА АНГИЙН БАГШ НАР ХАМГИЙН ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ

Одоогоос яг 30 жилийн өмнө Монголын багш нар анх удаа ажил хаяж байжээ. Цалингаа 40 хувь нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын анхны ажил хаялт нийт 143 хоног буюу дөрвөн сар 23 хоног үргэлжилсний эцэст Засгийн газар багш нарын тавьсан болзлыг зөвшөөрч байсан юм. Гуравдугаар улирлын амралт эхэлснээс хойш хичээл орохгүй төгсөх ангийн сурагчдаа дуудан хавар төгсөлтийн шалгалт өгч, мэргэжлээ сонгоно та нар гээд хичээллэж байх үеэс ч их ачаалалтайгаар давтлага өгдөг байж билээ.

Харин өдгөө багш нар цалингаа 3,5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Засгийн газар мөнгө байхгүй. Аажуу уужуу нэмээд 3,5 сая болгоё гэж байгаа ч багш нар хүлээж авахгүйгээ мэдэгдсээр буй. Өнөөдрөөс эцэг, эхчүүд болон салбарын мяндагтнууд хүүхдүүд хэцүүдлээ, хохирч дууслаа хэмээн аргалж чаргалаад ажил хаялтыг нь зогсоох арга саам хайж байх шиг байна. Ямартай БШУҮЭХ-ноос хамтын хэлэлцээр батлагдаж, цаасан дээр шийдвэр гарах хүртэл ажил хаялт зогсохгүй үргэлжилнэ гэх мэдээллийг өгсөн. Өнөөдөр ажлын хэсэг болон салбарын яамнаас хамтарсан мэдэгдэл хийх сураг ч  бас байна.

Мэдээж, багш нарын ажил хаялттай холбоотойгоор улстөрч, эдийн засагчид, иргэд ч санал бодлоо илэрхийлсээр байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд хоёр гарц байна.  Нэгдүгээрт, төрийн бүтцийг цомхон болго. Тухайлбал, 16 яам дөрвөн сайд гээд нийт 20 сайдтай байгаа. Эдгээр яам, сайд нарыг цомхотгосноор 1 орчим их наяд төгрөг хэмнэх боломжтой. Хоёрдугаарт, Зам тээврийн яамны хөрөнгө оруулалтын зардал дээр 959 тэрбум төгрөгийн зардал бий. Нэг их наяд төгрөгөөр зам барьж байгаа нь хүний хөгжилд анхаарч байгаа зүйл биш. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт нь шилжүүлэх хэрэгтэй. Харин аймаг, нийслэлийг холбосон замыг улс хариуцдаг энэ мэт зохицуулалтыг хийх шаардлагатай.  Ингээд ирэх жилүүдэд эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн эдгээр салбаруудад анхаарлаа хандуулах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Эндүү сонсоогүй бол УИХ-ын гишүүдийн нэг жилийн цай кофены мөнгө 1,2 тэрбумаар хэмжигддэг гэж дуулдсан. Басхүү яам тамгын газрууд ширээ сандлаа солиход түүнээс дутахааргүй их хөрөнгө зарцуулдаг болохыг та бид бэлхнээ мэднэ. Мэдээж, улсын төсөв хязгаартай. Гэхдээ төсвийн сахилга баттай бол эхний ээлжинд ядаж 50 хувь нэмэх боломж бол бий гэж ойлгосон. Ааштай аягтайгаараа алдартай болчихоод буй УИХ-ын гишүүн М.Нара Нарантуяагийн санал ч бас бодож үзүүштэй санагдсан. Бага анги болон цэцэрлэгийн багш нарынхаа цалинг эхний ээлжинд 3,5 болгоод залуу багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарч, байранд орох боломж буюу урьдчилгааны босгыг нь тэгээс эхлүүлбэл бас ч  гэж амсхийгээд авах боломж бүрэн байгаа.  

Бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд ихээхэн ур чадвар, туршлага шаарддаг. Тиймээс багшийн хөдөлмөрийг бодитой үнэлж суурь сайтай боловсон хүчин бэлдэх нь улс орон цаашид хөгжих үндэс болох нь дамжиггүй. Сонирхуулбал боловсролын яамны гаргасан судалгаагаар багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, дэвтэр засах, тайлан мэдээ гаргах зэрэг бичиг цаасны 419 ажил хийдэг аж.  Түүгээр ч зогсохгүй цэцэрлэгийн багш өдөрт 50 хүүхдийн идэж уусан аяга тавгийг өөрсдөө угаадаг. Өглөөний цай, өдрийн нэг, хоёрдугаар хоол үдийн цай гээд бодохоор өдөрт 250 аяга, тавга төдий хэмжээний халбага сэрээ угаана гэсэн үг. Уггаагч аятай л байгаа биз. Гэтэл бага ангийн болон цэцэрлэгийн багш нар цаг наргүй ажилладаг хэрнээ илүү цагийн цалин авдаггүй. Тиймдээ ч өөрийгөө хөгжүүлэх, хувийн амьдралдаа зарцуулах цаг бусад мэргэжилтнийг бодвол цөөн. Өнөөдрийн байдлаар улсын сургуульд хамгийн олон хүүхэдтэй бүлэг нь нэг, хоёрдугаар ангийнхан бөгөөд ихэнх тохиолдолд нэг багшид 50 орчим хүүхэд оногддог. Цэцэрлэг ч ялгаагүй 50-60 хүүхэдтэй ажилладаг.

Уншигч та өөрийгөө өдөрт бага насны 50 хүүхэдтэй тулж ажиллаж, багадаа хоёр хичээлийн 100 дэвтэр засаж байна гээд төсөөлөөд үз дээ. Тэр ч утгаараа өдөржин хүүхдийн шуугиан дунд ажилладаг багш нар мэдрэлийн ядаргаа, амьсгалын замын өвчин тусах магадлал нь бусад мэргэжилтнүүдийг бодвол өндөр. Тэр ч утгаараа дэлхийн жишигт бага насынхантай аижлладаг багш нарын цалин харьцангуй өндөр байдаг.

Сонирхуулахад,  Люксембургийн багш нар жилд дунджаар 122 мянган ам.долларын цалин буюу сард 10116  ам.доллараар цалинжина. Энэ нь манайхаар 27 сая орчим төгрөг. Нийт 613 мянган хүн амтай, манай нийслэл хотын газар нутгийн тал хувьтай тэнцэх нутаг дэвсгэртэй /2.586 мк2/ Люксембургийн гүнт улс нь европын хамгийн жижиг улсуудын нэг боловч  иргэдийн сэтгэл ханамж, нэг хүнд оногдох ДНБ, боловсролын чанараараа дэлхийд толгой цохидог. Багш хүн энэ улсын элит давхаргад зүй ёсоор орно. Тиймдээ ч ЕБС-д багшлах нь нийгмийн зүгээс хүндэтгэл хүлээсэн, хүүхдүүдийн мөрөөдлийн мэргэжил болдог гэдэг.

Өөрөөр хэлбэл иргэнийг багаас нь бэлдэж, төлөвшүүлж байгаа болохоор ийм хэмжээний цалин авах нь зүйн хэрэг гэж үздэг байх юм.  

Багш нар өөрсдийнхөө нийгмийн баталгааг баталгааг сайжруулахыг шаардах эрхтэй. Басхүү эцэг эхчүүд ч багш нарын асуудлыг ойлгон, тэднийг дэмжих ёстой.  

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *