АНУ-ын Хууль зүйн яам Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын авлигын схемийн орлогоор худалдан авсан Нью-Йорк хот дахь тансаг орон сууцуудыг хураан авах хүсэлт гаргажээ. Нэхэмжлэлд дурдсанаар, Ерөнхий сайд асан Батболд хууль бус ашиг олж, түүгээрээ АНУ-ын хуулийг зөрчин үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Прокурор Пис мэдэгдэлдээ “Өнөөдрийн энэхүү ажиллагаа нь авлигач албан тушаалтнууд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэргийн орлого нуун дарагдуулах хэрэгсэл болгон ашиглахыг тэвчихгүй” гэдгийг харуулж байна хэмээжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд өөрийн орны байгалийн баялгийг ашиглан хувьдаа ашиг олжээ. Тэр болон түүний гэр бүл энэ авлигын орлогоор АНУ-д 14 сая ам.долларын үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна гэж орлогч Ерөнхий прокурор Николь Аржентиери мэдэгдэв. Тэрбээр эдгээр хөрөнгө одоо хураагдах боломжтой гэж мэдэгдээд эрүүгийн хэлтэс төрийн авлигын орлогыг буцаан олж авах, гэмт хэргийн ашгийг устгахын төлөө хатуу байр суурьтай хэвээр байна гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд уул уурхайн гэрээнүүдээс хэдэн арван сая ам.доллар хулгайлан, түүнийг хуурамч компаниудаар дамжуулан угааж, гэр бүлийнхээ тансаг амьдралд — түүний дотор Манхэттэнд байр худалдан авахад ашигласан гэж үзэж байна. Түүний ийм үйлдэл нь шударга иргэдийн итгэлийг доромжилсон хэрэг юм гэж ФБР-ын Нью-Йорк дахь салбарын дарга Смит мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр АНУ-ын банкны системийг ашиглан хууль бус орлого нуун дарагдуулсан аливаа авлигын эсрэг бид хатуу арга хэмжээ авах болно хэмээжээ. Нэхэмжлэлд дурдсанаар, Батболд Ерөнхий сайд байх үедээ “Catrison” нэртэй өөрийн хяналттай компаниар дамжуулан 68 сая ам.долларын үнэ бүхий уул уурхайн гэрээ байгуулжээ. Энэ компани нь өмнө нь ямар ч туршлагагүй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд түүний захирал нь хэл шинжлэлийн багш байсан аж. Гэрээнээс орсон олон сая ам.долларыг гадаад банкны данс руу шилжүүлж, дараа нь хуурамч компаниудаар дамжуулан угааж, эцэст нь Батболдын гэр бүлийн ашиг тусад зориулан Нью-Йорк дахь орон сууц худалдан авахад ашигласан байна.
Мөн Батболдын гэр бүл төрийн өмчит уул уурхайн гэрээнүүдийн мөнгийг хуурамч компаниудаар дамжуулан хувийн зорилгоор ашиглаж байсан нь тогтоогджээ. Туршлагагүй нэг компани 30 сая ам.долларын гэрээ авч, түүний орлогыг Батболдын том хүүгийн АНУ дахь хувийн данс руу шилжүүлсэн бөгөөд уг мөнгө нь автомашины төлбөр, аялал, интерьерийн дизайнер зэрэг хувийн хэрэгцээнд зориулагдсан байна. Энэхүү хэргийг АНУ-ын Зүүн Нью-Йоркийн тойргийн прокурорын газрын Бизнес ба Үнэт цаасны луйврын хэлтэс, Мөнгө угаах, Хөрөнгийг сэргээх хэлтсийн “Kleptocracy Asset Recovery Initiative” болон Банкны шударга байдлын ажлын хэсэг хамтран хариуцаж байна.





