Д.АМАРБАЯСГАЛАН: ӨӨРИЙН НЭР ТӨРӨӨ БҮРЭН СЭРГЭЭХ, ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЗАСАГЛАЛАА ХАМГААЛЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХЫН ТӨЛӨӨ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЛАА
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 100 хувийн саналаар дэмжлээ. Тэрээр хүсэлтээ ТББХ-нд танилцуулахдаа “Өнөөдрийн улс төрийн хямрал нь МАН-ын намын даргын сонгуульд надад ялагдсан хэсэг нөхөд маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс эхэлсэн. Энэ нь өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашлаад нийгмийг талцал хуваагдалд оруулж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна.
Сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөөх улайрал, гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирласан үйлдэл нь хууль хяналтын байгууллагуудад үндсэн хууль зөрчин нөлөөлж байна.
Үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар, бүхий л сувгаар түгээн, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай байна. Иймд миний бие өөрийн нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна.
Парламент засаглал өнө мөнхөд орших болтугай. Монгол төрийн үйл ажиллагаа хуулийн дор явагдах ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, эрх мэдлийн төлөөх тэмцэл, удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой. Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа хамт огцоръё” гэлээ.





