Жил бүр Чингисийн ч билүү, Сүхбаатарын ч билүү талбайд зохион байгуулагдах болсон номын худалдаан дээр зохиолч бүр нэг нэг даавуун сүүдрэвчин дор сууж номоо гарын үсэгтэйгээр борлуулдаг юм байна. Гэтэл зохион байгуулалтаасаа ч юм уу, эсвэл хэтэвчний хэмжээнээсээ ч болдог юм уу манай том зохиолчидтой Шүүдэрцэцэг, хоёр Сарантуяа мэтийн доод түвшнийхэн зэрэгцэж буюу өөдөөс нь харж суугаад номоо зарж байгаа нь нэн сэжигтэй харагдах…
Ер нь номын дэлгүүрт ч гэсэн С.Эрдэнэ, П.Пүрэвсүрэн, Д.Нямсүрэн, Гүрж.Нямдорж, С.Пүрэв, Д.Норов, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана.., гээд том зохиолч, найрагчдынхаа бүтээлүүдийг дээд талын тавиуруудад тавьж харин Шүүдэрцэцэг, Согоонцэцэг, Бадрангуй хоёр Сарантуяа.., мэтийн хар массынхны номуудыг хөлийн тавиурт тавьж байхгүй бол энгийн нүдээр их л олон зохиолчтой мэт харагдах болов.
Хамгийн ойрын жишээ гэхэд Москвагийн номын дэлгүүрүүдэд Ф.Достоевский хамгийн дээд тавиурт, Д.Донцова хамгийн доод тавиурт байдаг нь тогтсон жишиг шүү дээ.
Дэлхий дахинд классик буюу сонгодог утга зохиол, дээд утга зохиол (высокая литература) буюу нарийн төвөгтэй жинхэнэ уран сайхны өндөр төвшинд бичигдсэн уран зохиол, хар бүдүүлэг утга зохиол (тривиальная), нийтийн утга зохиол (паралитература) буюу доод төвшний утга зохиол, хөнгөн хээнцэр зохиол (беллетристика) зэргийг ялган зааглах оролдлогууд хийгдэж дуусаж дундаршгүй маргаан дагуулсаар байгаа бөгөөд манай уран зохиол ч тэрхүү маргаанаас хоцрох учиргүй. Ер нь хар массын зугааг гаргагчид өөрсдийгөө хүлээн зөвшөөрөөд мөнгөө хөөвөл хаа хаанаа амар баймаар. Тэгэхгүйгээс зохиолчидтой, эрээчигчид холилдоод болохгүй байгааг яалтай…
Гэнэт л бурхнаар бөөлжлөө гэдэг шиг уран зохиолын аугаа их авьяас нь гэнэт тодорч даруй даруйгаар “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүвэр, “Алганы хээ” 2 дэвтэр роман хэвлүүлсэн нэгэн эрхэм бол Б.Эрхэмбаяр гэгч. Түүний бичсэн гэх “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүвэр нь 13,2 хэвлэлийн хуудас бүхий 26 өгүүллэгээс бүрдэж байгаа бөгөөд өнөөх л массын эмэгтэйчүүдийн чиглэлийнхэнд зонхилдог тулга тойрсон ховоос үл хэтрэх сэдвүүд хөвөрнө. Тодруулбал “Мөнхийн залуу нас” өгүүллэгт үргэлжид залуугаараа байх гэсэн, амрагтаа хаягдсан бүсгүйг, “Удмын судар” өгүүллэгт эцэг өвгөдөөс өвлөж ирсэн судрыг ээждээ хэлэлгүйгээр авч Хятадын шунахай наймаачинд худалдсан увайгүй хүүг, “Бүсгүй заяа” өгүүллэгт нэг хүүхэнтэй ээлжлэн явалдаад хуурч одсон хоёр залууг, “Амьдрал чамайг уучлахгүй ээ” өгүүллэгт бүсгүйтэй явалдаад гомдоож одсон бас л нэг залууг, “Наймаа” өгүүллэгт монгол хүүхэнтэй суугаад хажуугаар нь өөр хүүхэнтэй явалдагч гадны залууг, “Үд дундын романс” өгүүллэгт Бадрал, Төмөр гэх нэг хүүхэнтэй явалддаг хоёр залууг, “Ховсдогч” өгүүллэгт хүүхэнтэй явалдагч Санчир гэдэг залууг, “Сонголт” өгүүллэгт бас нэг хүүхэнтэй явалдан хүүхэдтэй болгоод орхин одсон Жаргал гэдэг залууг.., гэх мэтээр толгой дараалан бөгс бөөрний явдлаа эрээчсэн байгаа нь хар массын уран зохиолд нэн түгээмэл сэдвүүд, эмэгтэйчүүдийн хамгийн ихээр таалан болгоодог дүрслэлүүд бололтой. Хар массын нэлээд хувийг хэн нэгэн залууд хаягдсан буюу түүнээс салж сэтгэлдээ ямар нэгэн хэмжээгээр гомдол тээсэн эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэрхүү хар массын хэрэгцээг хангахад графоман Б.Эрхэмбаярын эдгээр бүтээлүүд яг тохирно. Өөрөөр хэлбэл мөнөөхөн Оросын шүүмжлэгч Л.П.Быковын хэлдгээр ганихралд тустай эм гэгч нь эдгээр бүтээлүүд…
Бичлэгийн ур маягийн хувьд яг л ард түмэнд ойлгомжтойгоор нэгдүгээр биеэс бүх мэдээллийг зохиомлоор хүүрнэн өгдөг манай хар массын эмэгтэйчүүдийн уран зохиолын гол төлөөлөгчид болох Л.Сарантуяа, Шүүдэрцэцэгтэн мэтийнхэн шиг хөврүүлнэ.
Гэнэт л нэг хүн гарч ирээд, гэнэт л нэг сайхан эсвэл муухай үйл явдал тохиолдоно. Яагаад ингэв гэхээр “Аа өмнө нь таньдаг байсан юм аа” гээд л болоо. Ердөө л ийм хөнгөн хээнцэр дүрслэл, гэнэн тэнэг хүүрнэл. Б.Эрхэмбаяр гэгч энэ эмэгтэй гадаадад сургууль төгссөн, өндөр боловсролтой, гоё банканд хурган дарга хийдэг, аливаад логиктой ханддаг, эмх цэгцтэй, хариуцсан ажилдаа сайн ер нь сүрхий хүүхэн байх л даа. Гэвч сүрхий хүүхэн байлаа гээд уран зохиолын авьяастай байх албагүй билээ. “Намайг манай найзууд сүрхий хүүхэн гэдэг юм чинь би сайн зохиол бичиж л таарна” гэдэг увайгүй муйхар зүтгэл, хоосон дур хоёроор зохиол бичиж түүнийгээ ичихгүй хэвлүүлснээс болж манайд хар массын эмэгтэйчүүдийн утга зохиолын бүхэл бүтэн арми бий болж, жинхэнэ уран зохиолоо бүдгэрүүлэх гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Дэлхий дахинд хөнгөн хээнцэр зохиол арай өөр шүү дээ. Монголчуудын сайн мэдэх А.Дюма, Артур Конан Дойлийн бүтээлүүд, Ж.Х.Жейзийн цувралууд.., ядаж л хойд хөршийн Н.А.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” гээд олон зохиолууд хөнгөн хээнцэр адал явдалт гэдэг төрөл зүйлд хамаардаг бөгөөд тэд ийм төрлийн зохиолуудаараа дэлхий дахинаа алдаршсан юм. Гэтэл манай хар массынхан эмэгтэй хүний сексийн хүсэл, хэн нэгнээс хүүхэдтэй болоод түүндээ хаягдсан тэчьяадал, нэгнийхээ нөхөртэй явалдах төлөвлөгөө төдийхнөөр хязгаарлагдаж, зүгээр л цайны авгай нарын хов живээс үл хэтрэх аж.
Хар массын их зохиолч нар болох Шүүдэрцэцэг “Гэнэтийн бэлэг” өгүүллэгтээ, Ц.Мухар “Бэлэг” өгүүллэгтээ Гэгээн Валентины баяр гэгчийн тухай бичсэн бол Б.Эрхэмбаяр “Хуваагдсан зүрх. Валентины өдөр 15 жилийн дараа” бүтээлдээ мөнөөхөн тэнэг баяр гэгчийн тухай бичжээ. Түүнчлэн “Үд дундын романс” гэх 60-аад нүүр бүхий ланжгар өгүүллэгтээ (тууж ч юм уу хэн мэдлээ Г.Б) Энхэр гэдэг хүүхэн Бадрал, Төмөр гэх эхнэр хүүхэдтэй хоёр залуутай хэрхэн зэрэг явалдаж нөхрөө хуурч байгаа тухай «гайхалтай сайхан» бичжээ. Тэрхүү залхуутай хүүрнэлээ 50 гаруй хуудас үргэлжлүүлэн уншигчдыг залхаан цээрлүүлэх ба бүх мэдээллийг зохиолчийн зүгээс ямар ч дүрслэлгүй сунжруулан өгүүлсээр өндөрлөх аж.
Уран зохиол шинжээч, доктор Г.БАТСУУРЬ





