Улс төр буцалж, халсан долоо хоног болж өнгөрлөө. Бодлогын мэтгэлцээн өрсөлдөөнөөр биш, бизнес бүтцийн бүлэглэлүүдийн эрх мэдэл булаалдсан сөргөлдөөнд улс төр халж буцлав. Нөгөө талд эдийн засаг маань хөрч, царцаж байгаа нь харамсмаар… Бизнесийн бохир гэмт бүлэглэлүүдийн төлөөллүүдийг эрх мэдэлд сонгон гаргасныхаа хариуг монголчууд бид хүртэж байна. Нүүрсний хулгай, нүүрсний хулгайч, нүүрсний дайн гэх Монголын нийгэм улс төрийн цор ганц сэдэв болсон өдөр хоногууд эргэж ирэхгүй нөөц цаг хугацааг элээж буй нь туйлын аюултай бөгөөд хор хөнөөлтөйг бид ухамсарлах ёстой болж байна.
Учир нь энэ дайнд ялагч байхгүй юм байна. Улс орныхоо эрин цагийг бодон, монгол төрийнхөө ажлыг гацаанаас гаргаж, саадгүй явуулахын тулд урагшаа харах л үлдэж. Нүүрсний асуудлыг тойрч хэрсэн аалзны торноос нийгмийн амьдралаа суга татах гарц энэ мөн. Юу болсныг эргэн харья.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙ
Д.Жаргалсайхан гэх хүн 1997-2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Тэрээр М.Энхсайхан, Ц. Элбэгдорж,Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаяр гээд таван ерөнхий сайдын Засгийн газрын үед уг албан тушаалд баттай суужээ. Ажиллаж байх хугацаандаа Монголын нийт газар нутгийн 40 орчим хувьд нь 6000 гаруй хайгуулын лиценз олгосон гэдэг. 1997-2023 он хүртэл улсын хэмжээнд хайгуулын 14 мянган лиценз олгогдсон байдгаас бараг тал нь буюу 6000 гаруй лиценз нь Д.Жаргалсайханы үед олгогдсон гэсэн үг. Д.Жаргалсайханыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байх үед Халзан бүргэтэйн ховор металлын ордын лиценз, Таван толгойн нүүрсний ордын лиценз, Цагаан суваргын зэс-молебдины ордын лиценз, Нарийн сухайтын нүүрсний ордын лиценз гэхчилэн олны сайн мэдэх ордуудад эзэддээ очсон байдаг.
2005 онд Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, “MCS”-ийн Д.Оджаргал, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэл, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, “Шунхлай”-н Г.Батхүү агсан, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Идэвхтэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нартай хамтран өнөөх хав дарсан Таван толгойн ордын лицензүүдээ ашиглахаар “Энержи ресурс” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Өөрөөр бол, “Энержи ресурс” ХХК-ийг түүхийг олон нийт Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргалаар төлөөлж ирсэн. Тэгвэл өдгөө төсвийг тэжээж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшдэг Таван толгойн нүүрсний ордын анхны монгол эзэн, цаашилбал “Энержи ресурс” ХХК-ийн шанг татсан, гол зохион байгуулагч нь Д.Жаргалсайхан гэгч байжээ гэсэн үг. Ингэж Монголын нэгэн цаг үеийн бүх олигархиудыг нэгтгэж байгуулагдсан “Энержи ресурс” ХХК явцын дунд МCS гэдэг толгойтой болсон. Харин анхны хувьцаа эзэмшигчид буюу Д.Жаргалсайхан, Сү.Батболд, П.Очирбат, Т.Бадамжунай тэргүүтнүүд хэр хэмжээгээр хэтэвчээ дүүргээд “Энержи ресурс” ХХК-ийг орхисон нь зөвхөн тэдний мэдэх нууц хэвээр үлдсэн.
Өдгөө MCS групп Таван толгойн нүүрсний ордын хамгийн сайн чанарыг коксжих нүүрстэй хэсэг буюу Ухаа худагийн лицензийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулдгийн үнэн түүх ийм. Нүүрсний биш ордын хулгай байгаа биз. Ахмад МАН-ын хувьд ийм байна.
НҮҮРСНИЙ I ДАЙН
2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд МАН-ын дарга болов. Тоглоомын ерөнхий сайд, тоглоомын дарга болон тавигдсан боловч намынхаа залуучуудад тулгуурлан байр сууриа бэхжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь нүүрсний дайн болон хувирсан юм. Энэ нь бүлэглэл болон нүүрс тээвэрлэлтийн будилаанаас ашиг хийж байсан дунд үеийн ах нарт таалагдаагүй. Тэрээр 2022 оны хавар “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” хэмээн зарласан байдаг. Нүүрсний асуудлыг гурван жилийн өмнө гаргаж тавьсан ч огт ахиц гараагүй ба намын генсек Л.Амарбаясгаланг хэрэг эрхлэх газартаа татаж ажиллуулснаар эрчимжиж эхэлжээ. Ингээд ЗГХЭГ гэнэт “Эрдэнэс Таван толгойд” онцгой байдал зарлаж, захирлыг нь холдуулснаар дунд үе ба залуу МАН-ын хооронд дайн дэгджээ. Гурван жил үргэлжилсэн дайн байгаа биз.
2020-2024 оны гишүүдийн дотор нүүрс тээвэрлэлтээс ашиг хийдэг бизнесийн ар тал болсон гишүүд хэт олон байсан бөгөөд сонгуулийн өмнө парламентын 126 гишүүнтэй болгохоор хуульчилсан нь нүүрсний дайнд нүүрсний хулгайчдын эсрэг тэнцвэр бий болгох далд бодлого байсан хэрэг.
2022 он руугаа эргэн орьё. Нүүрсний жагсаал ” нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж зарласан Ерөнхий сайд, засгийн газар луу “нэрсийг зарла” гэсэн уриатайгаар чиглэв. Л.Оюун-Эрдэнэ хууль, шүүхийн байгууламжид нөлөөллөө тогтоох нь битгий хэл нэвтэрч ч амжаагүй байсан сул тал нь гарч нэг ч нэр зарлаж чадсангүй. Б.Ганхуяг шүүх дээр “ намайг юу ярих бол гэхээс олон хүний зүрх зогсчих гээд байна” гэж ширүүхэн мэдэгдээд шорон руу явлаа. Олон хүн гэж онцлон хэлсэн шүү. Чирдэг жорлонгийн гэх мэт асуудлаар ялласан. Харин Б.Ганхуягаас хямд нүүрс авч тээвэрлэлтийн зардалд шингээн ашиг олдог санхүүгийн болхи, бохир схем задарч олон жижиг мафи хаалгаа барьсан нь нүүрсний жагсаалын үр дүн болсон юм. Энэ бол нүүрсний нэгдүгээр дайн.
НҮҮРСНИЙ II ДАЙН
Ингээд 2024 оны сонгуульд Л.Оюун-Эрдэнийн командалсан дунд үеийнхэн ба залуу МАН-ын нэгдсэн фронт яралзсан ялалт байгуулав. Гэхдээ парламент болон Засгийн газарт нүүрс тээвэрлэлтийнхэн нөлөөгөө алдахааргүй хэмжээнд байршиж чаджээ. УИХ-ын гишүүдийг 50 орон тоогоор нэмээд, жагсаалт оруулж ирээд ч ах хулгаруудтайгаа тулах хүчний харьцаанд давуу тал олж авч чадсангүй. Гэсэн хэдий ч Л.Оюун-Эрдэнэ нүүрс тээвэрлэлтээс ашиг хийдэг жижиг бүлэглэлүүдийг дарсан дайны ялалтдаа урамшин эрдэж, төрийн дээрх том бүлэглэл гэж өөрийнхөө нэрлэсэн бүтцийн эсрэг дайнд орсон юм. Энэ дайн том бүлэглэлийн санхүүгийн голомт, сүүлчийн цайз “Ухаа худаг”-ийг улсын мэдэлд авах төлөвлөгөөтөй байв. Том бүлэглэл ч Төрийн дээр гэдгээ батлан харуулж түүний засгийн газрыг нүд ирмэх зуурт нэгэн охины 100 долларын үнэтэй гэх цүнхний асуудлаар хуу татав.
Том бүлэглэл ялалтын парадаа гишгэж ч амжаагүй байтал Д.Амарбаясгалан эгнээ нөхөн “шударгаар тулалдая” гээд МАН-ын даргад нэрээ дэвшүүлснээр нүүрсний II дайн сунжран бид үхэх сэхэхээ үзсэн эцсийн тулаан бүхий байлдаантай кино үзэж байна.
Ингээд том бүлэглэл ба МАН-ын дунд үеийнхний нэгдсэн эвсэл Бор тээгийн хэрэг буюу Админерал ХХК-ийн асуудлыг хөзөр болгон гаргаж ирэв. Энэ нь үнэндээ хэрэг ч байсангүй, асуудал ч байсангүй, бас хөзөр ч байсангүй. Хүний өөрийн хүмүүсийг ичээгээд өнгөрч байна. Бор тээгийн орд төрийн өмчит Эрдэнэс таван толгойн мэдэлд хэвээрээ, Админерал компанийн оролцсон дөрвөн компанийн нэгдэл тэнд кокс нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа мэдээлэл олон нийтэд хүрэв. Гэтэл тус компаны захирал Д.Амарбаясгалантай намын аппаратад хамт ажилласан Н.Чулуунзагдтай хамаатан байж таарсан учраас уг үйлдвэрийг барих зөвшөөрлийн тендерт Д.Амарбаясгалан нөлөөлсөн байж таарна болж хувирав. Бас тэр уурхай дээр гарсан хөрөнгө оруулагчийн үхлийг жигшүүрт аллага болгон хувиргах сценари ч эхлүүлж үзэв. Олон нийт ч хоёр хуваагдлаа. Амьдрал нь доройтоод байгаагийн хонзонг хэнээс ч хамаагүй авах хүсэлтэй хэсэг байхад хоцрогдсон бохир технологиороо тоглолт хийж, доромжилж байгаад дургүйцсэн хэсэг жин дарж байна.
Зохиомол хэргийг шүүх, прокурор шийдвэрлэхээс зайлсхийх учраас энэ хэрэгт яллагдагч, шүүгдэгч байхгүй, ер нь энэ дайнд ялагч байхгүй юм. Ялагчгүй дайн зогсох ёстой. Утга учраа алдсан энэ байдлаас улс төр, засаг захиргаагаа гаргах хэрэгтэй. Тэгэхээр нүүрсний асуудлыг татварын өршөөл, өрийн өршөөл гэдэг шиг хэрэгсэхгүй болгож урагшаа харья. Тэртээ тэргүй хурааж чадахгүй хөрөнгийг ч мартая.
Монголын эдийн засаг бол уул уурхайн хамгийн дорд түвшний эдийн засаг, газар олборлолт ба тээвэрлэлийн л талбар. Өөрөөр хэлбэл түүхий эрдсийн экспортын эдийн засаг. Харин одоо дунд түвшин болох боловсруулах үйлдвэрлэл рүү дэвшин орж байна. Олон боловсруулах үйлдвэрүүд хүдэр баяжмалаа өргөн царигийн төмөр замаар тээвэрлэх ойрын ирээдүйг гацаахгүйн тулд ингэх л хэрэгтэй. Нүүрсний дайн ингэж төгсөж, нүүрсний энх тайван тогтоно. Нүүрсний энх тайван бол боловруулах аж үйлдвэрийн эдийн засаг болох нүүрсний хувьсгалын ялалт болно.
Нийтлэлч: Чонос Отгоннасан ГАНЗОРИГ





