улс төр

Д.АМАРБАЯСГАЛАН: НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ДУУЛИАНЫ ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧ НЬ БИ

ТББХ-ны хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг нь олгосон олон их наяд төгрөгийн нүүрсний гэрээтэй холбоотой асуудлууд яригдаж байгаад талархаж байна. 2022 оны нүүрсний сонсгол яг ингэж эхэлж байсан. Харамсалтай нь оффтейк гэрээнүүдийг бүгдийг нь нуугаад өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарлаж нийгэмд гүжирдэж гүтгэсэн. Тэрний хамгийн том хохирогч нь миний бие.

Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан. Өнөөдөр харин оффтейк гэрээнүүд яаж хийгдэж, хэн хариуцаж байсан бэ гэдэг нь цаг хугацаатайгаа гарч ирж байгаад баяртай байна.

Оффтейк гэрээнүүд бүгд 2021.06.23-ны өдрөөс өмнө хийгдсэн. Би ЗГХЭГ-ын даргаар 2022 оны есдүгээр сараас эхэлж ажилласан. Тэр үеэс эмх замбараагүй байсан гэрээнүүдийг цэгцлэх, Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Ч.Хүрэлбаатар сайд, Ж.Ганбаатар сайд нарын хамтаар ажиллаж байсан. Олон хүний эрх ашиг хөндөгдсөний улмаас өөрийг маань нүүрсчин болгож зарлах ажил хийгдсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Басхүү 2022 оны аравдугаар сард Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдаж, олон сая тонн нүүрс хилээр гарсан атлаа эргэж орж ирэхгүй байх нөхцөл үүссэн учраас Төрийн өмчит компаниуд биржгүйгээр хилээр нүүрс гаргахыг хориглосон байдаг. Тиймээс АМНАТ бүтэн авах ёстой гэж үзсэн юм л даа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын сэжүүр цухуйж гарч ирсэнд талархалтай байна” гэсэн юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *