дэлхийн анир

ФРАНЦЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ОРЧИН ҮЕИЙН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН БОГИНО НАСТАЙ ЗАСГИЙН ГАЗАР БОЛЛОО

Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню болон түүний Засгийн газар сайд нарын танхимаа зарласнаас ердөө хэдхэн цагийн дараа огцорсон нь Францын орчин үеийн түүхэнд хамгийн богино настай Засгийн газар боллоо. Үүний дараа хөрөнгийн бирж болон еврогийн ханш огцом унажээ. Энэхүү гэнэтийн огцролт Францын улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлсэн томоохон үйл явдал болж байна.

Лекорню ердөө 27 хоногийн турш Ерөнхий сайдын албыг хашсан бол түүний Засгийн газар 14 цаг л оршин тогтносон юм.Барууны үзэл баримтлалтай “Үндэсний нэгдэл” нам Ерөнхийлөгч Эммануэль Макроныг шинэ парламентын сонгууль зарлахыг нэн даруй шаардаж байгаа аж.

Харин зүүний радикал нам Макрон өөрөө огцрох ёстой гэж мэдэгдэв.Шинэ сайд нарын бүрэлдэхүүн эсэргүүцэл дагууллаа. Улс төрийн бүх хүрээний намуудтай хэдэн долоо хоногийн зөвшилцөл хийсний дараа Макроны ойрын холбоотон Лекорню ням гарагт шинэ сайд нараа томилсон бөгөөд даваа гарагийн үдээс хойш анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч шинэ танхимын бүрэлдэхүүн нь өмнөх Ерөнхий сайд Франсуа Байругийн кабинетаас бараг өөрчлөгдөөгүй байсан бөгөөд хууль тогтоогчдын эсэргүүцлийн шалтгаан болсон байна.

Даваа гарагийн өглөө Лекорню өөрийн огцрох саналаа Макронд өргөн барьсан байна. 2022 онд Макрон дахин сонгогдсоноос хойш парламентад тодорхой олонх байхгүй болсон нь Францын улс төрийг улам тогтворгүй болгожээ. Сөрөг хүчнүүд шинэ сонгууль шаардаж байна.

Өнгөрсөн жил Макрон парламентын ээлжит бус сонгууль зарласнаар хямрал бүр ч гүнзгийрч, парламент урьд урьдаасаа илүү бутарсан бүтэцтэй болсон. Сарын өмнө Ерөнхий сайдаар томилогдсон Лекорню бол Макроны сүүлийн хоёр жилд томилогдож буй тав дахь Ерөнхий сайд юм.2017 онд засгийн эрхэнд гарсан Макрон улс төрийн бүтцийг эрс өөрчилсөн ч, одоо төвийн хүчний байр суурь алдагдаж, парламент баруун болон зүүний туйлын бүлгүүдийн нөлөөнд оржээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *