Д.Батлут сайд өчигдөр парламентын гишүүдэд сэлэм тараасан гэх хэргээр “нийгмийн сүлжээний гэмт хэрэгтэн” болов. Уул нь тэр сэлэм нь залуучуудын цэрэг-эх оронч ухамсар, хүмүүжил, үндэсний үзэл санааг дэмжих дүрмийн зорилготой “Зэв” холбооныхон сайдад үйл ажиллагаагаа танилцуулан, ажил хэргийн санал солилцохдоо дурсган, хадгалуулсан зүйл аж. Батлан хамгаалахын сайд “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” бодлогын бичиг баримтыг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсноо зарласан цаг хугацаатай энэ гүтгэлэг давхацсан нь санамсаргүй хэрэг биш.
Монгол Улсын үндэсний цэргийн хүчин чадал бэхжихэд таагүй хандах гадаад, дотоод ашиг сонирхол хангалттай бий. Явуургүй пиар шившиг боллоо. Д.Батлут сайдыг ажил авснаас хойш богино Батлан хамгаалах яам харьяандаа байлдааны сумны үйлдвэрийг ашиглалт оруулсан, цэрэг иргэний харилцааны чиглэлд олон арга хэмжээ хэрэгжүүлэн, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” бодлогын баримт бичгийг боловсруулан маш амжилттай ажиллаж байгаа билээ.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх шаардлага дэлхий дахины геостратегид хүчний дахин хуваарилалтын үйл явц нэгэнт өрнөж буй энэ цаг үед Монгол Улс, Монгол үндэстний хувьд нэн чухал. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар бол үндэсний цэргийн хүчин чадлын гол цөм, тулгуур багана нь билээ.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх зөвхөн цэрэг техникийг хөгжүүлэх, цэргийн эрдэмд суралцсан байдлаар тодорхойлогдохгүй, Монгол хүн бүрийн оюун санаанд ЭХ ОРОН гэх дархлааг бий болгох, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдлэх чин зоригийг төлөвшүүлэх зорилтоор тодорхойлогдоно. Үүний тулд ЕБС, их дээд сургуулиудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх хичээлийг тусгайлан хөтөлбөрт нь оруулах хэрэгтэй гэж Д.Батлут сайд мэдэгдлээ. “Зэв” холбооны залуусын бэлэгний тухайд харин сайд албан ёсны хариулт өгчээ. Сэтгүүлч миний үзэж байгаагаар “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” гэж ямар ч улс төрийн зориглоогүй бодлогыг дэвшүүлэн тавьж буй төрийн түшээдэд нэрээ сийлсэн мөнгөн сэлмээр ёсны бэлэг барихад юуны буруу байх билээ.
Үндэсний цэргийн хүчин чадлынхаа гол цөмийг бэхжүүлсүгэй гэж буй Тусгаар улсын Цэргийн яамны сайдын эдлэх ёстой эрх гэж санана. Орчлон даяар одтой тэнгэр орчижь олон улс байлдаж буй энэ үед Монгол бид тэсч үлдэж, тусгаар оршихын тулд үндэсний сөрөн тэсвэрлэх чадвартай байх учиртай. Тиймээ, ялалт гэдэг зэвсгийн хурцад бус цэргийн сэтгэлд байдаг билээ. Монгол цэргийн алдар бадраг.





