УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах хариултыг өглөө.
-Ерөнхий сайд өчигдөр Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдлээ. Процесс хэр зөв байсан бэ?
-Үндсэн хуулиар Ерөнхий сайдад Засгийн газрын бүрэлдэхүүнээ /сайд/ томилох, чөлөөлөх асуудал бүрэн нээлттэй. Мэдээж хуулийн нарийн зохицуулалттай. Өрөөндөө сууж байгаад тэрийгээ солино, огцруулна, энийгээ шинээр томилно гэж болохгүй. Хуулийн процессын дагуу явах ёстой. Хууль зүй дотоод хэргийн сайдаа солих болсон шалтгаанаа нүүрсний хулгайчтай тэмцэнэ гэж мэдэгдэж байна билээ. Нэг талдаа зөв. Нөгөө талдаа улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байхад яагаад энэ асуудлыг хөндөөд байгаа юм бэ. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байсан. Тэр үед шүүхээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар л ял авсан. Гэтэл тэд нүүрсний хулгайгаар ял аваагүй юм шиг байгаа юм. Юу болсныг бүгдийг задалж үзэх хэрэгтэй.
Тэгэхгүй бол улс төрийн өрсөлдөөн болонгуут хэн нэгнийг нүүрсний хулгайч болгож цоллодог. Энэ нь өөрөө улстөрчдөд нэр хоч наах хэрэгсэл болчихлоо.
УИХ 76 гишүүнтэй байхад Ардын нам 62 суудалтай дийлэнх олонхи байсан. Одоо УИХ 126 гишүүнтэй болсноор улс төрийн эрх мэдэлд хяналт тавих бланс тэнцвэржсэн. Парламентад таван улс төрийн намын төлөөлөл байна. Урьд нь би хэлж байсан, “Авлигатай тэмцэнэ гэдэг бол Ардын намтай тэмцэнэ” гэсэн үг гэж… Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлчихээд хаачихаад байгаа. Нүүрсний сонсгол явахад тараагдсан материал тэгш эрхийг хангаж чадсан юм уу, үгүй юм уу. Эсвэл түүнийг ашиглаж хэн нэгнийг онилсон юм уу үгүй юм уу энэ бүхнийг үзмээр байна. Гэтэл бүгдийг нууцын зэрэгт авсан. Миний авсан мэдээллээр нүүрсний 31, 32 гэрээг улсын нууцад авсан. Бүгдийг нууцаас гаргамаар байна.
-Та шударга бусын хонгилоор чирэгдэж байсан гэж мэдэгддэг. Ерөнхий сайдын хувьд хууль зүйн салбарын удирдлагыг нь сольж байгаад хэрэг шийднэ гэж байгаа нь Монгол Улсын хууль шүүхийн байгууллагад нөлөөлж байгаа хэлбэр мөн биз дээ?
-Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал. 2020 онд юу болсныг бүгд санаж байгаа байлгүй. Хэвлэлээр эхлээд намайг хэрэгтэн болгосон. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гээд хэвлэлээр ялласан. Хууль хяналтын байгууллага хуулиа мөрдөнө гэдэгт итгээд, шалгуулья гээд УИХ- ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэтэл буруу замаар хөтлөж яваад, хэлмэгдүүлсэн. Нэг жилийн дараа Улсын дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бодит үнэн нь хулгай байгаагүй, сохор зоос ч дутаагүй. Харин ч 3.9 тэрбум төгрөг нохойн замаар орох гэж байсныг зогсоож чадсан гавьяатан болж дууссан.
Би хохирлыг нь амсаж, биеэр туулсан хүний хувьд, ямар нэг байдлаар хүнийг хэрэгт хардаж болох ч шүүхээр шүүлгэж, эцсийн шийдвэр гараагүй байхад харлуулдагийг л болих хэрэгтэй.
Нэг нь нүүрсний хулгайч, нөгөө нь банк дампууруулсан хулгайч болчихлоо . Шүүх тогтоогоогүй байхад харлуулах онцгүй л байна.
-МАН-ын зодоон удаан үргэлжилбэл улс орны нийгэм, эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Нөлөөлнө шүү дээ. 2014 онд НАМЗХ тойрсон асуудлаас болж МАН дотор хагарал үүсээд энэ нь төрийн үйл ажиллагаанд нөлөөлсөн. Тэр үед МАН цөөнхийн үүрэг гүйцэтгэж байсан тул харьцангуй гайгүй өнгөрсөн. Дараа нь 2016 оны сонгуулийн дараа МАН УИХ-д 65 суудалтай болоход 33, 32 болоод хуваагдсан. 32-ынх нь талд би манлайлах үүрэгтэй оролцсон. Тэр үед төрийн ажлыг гацаадаг л байсан. Тэгэхээр Ардын нам Бага хурлаараа даргын асуудлаа олонхиороо шийдсэн л юм бол хурдхан шиг энэ асуудлаа даруй шийдээд төрийн ажлыг даруй хувийн үргэлжлүүлмээр байна. Үндсэн хуулийн хүрээнд 920 орчим хууль хэрэгжиж байна. Энэ хүрээнд УИХ бодлого үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ажлыг удирдан зохион байгуулдаг хүн нь УИХ-ын дарга. Төрийн бус байгууллагын дүрэм дээр бүдрээд алдаа хийв л гэж дээ.
Үүний хажуугаар Ардчилсан нам уржигдар Ардын нам дотоод асуудлаа шийдтэл бид 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт орохгүй гэсэн. Буруу шүү. Улсын төсөв бол улс орны макро эдийн засаг, бүх санхүүжилтийн асуудал. Өвөл хаяанд ирлээ, утаа униарын асуудал босно. Энэ зун зарим нутагт хүнд болсон, энэ өвөл их хүнд өвөл болно. Ажлаа даруй урдаа тавиад шийдэх ёстой байтал өрсөлдөгч намд үүссэн зөрчлийг дэвэргээд шантааж хийх байдлаар хандаж болохгүй.
Нэгэнт МАН-ын Бага хурал нь шийдээд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгосон юм бол амжилт хүсээд үйл ажиллагаа хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй.
Хэвлэлээр эрэмбэ дараалал яриад байдаг томроод байдаг биз дээ. Улс эх орны эрх ашиг нэгдүгээрт, хувийн эрх ашиг адагт гээд байдаг. Эрэмбээ л барьцгаа л даа. Юу нь болохгүй байгаа юм бэ.
-Б.Энхбаяр гишүүнийг Ардын намаас хөөх тухай ярьж байна. Та бас хөөгдөж явсан?
-Хувь хүнийхээ хувьд би дэмжихгүй. Ямарваа нэг улс төрийн асуудал үүсэхээр гишүүнээ хөөдөг. Би бас Ардын намаас гурван удаа хөөгдөж байсан хүний хувьд хэн нэгэн үндэслэлгүйгээр хэлмэгдэж намаас битгий хөөгдөөсэй гэж бодож байна.
-УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал хөндөнө гэж яригдаж байна. Үнэн үү?
-Бодит үнэн юу гэхээр намынхаа асуудлыг нам дотроо шийдэж явахгүйгээс үүдэлтэй энэ нь төрийн хямрал л болно.
Зарим нэг гишүүд нь Ерөнхий сайдыг огцруулна гээд өчигдрөөс Төрийн ордонд яриад эхэлсэн байна лээ, үндэслэлийг нь бичээд эхэлсэн л байна лээ.
Миний ч байр суурийг асуусан. Эхлээд би мэдээлэлтэй болъё, орон нутагт ажиллаж байгаад ирлээ, улс төрийн бодит үйл өрнөлд дүгнэлт гаргая. Тэгж байгаад байр сууриа илэрхийлье л гэлээ. Эхлээд нам дотроо асуудлаа шийд л дээ. Заавал төрийн зовлон болгоод УИХ-ын гишүүдийг хуваагаад. Тэр тусмаа УИХ-аар улсын төсөв хэлэлцэж байгаа цаг үед УИХ -ын гишүүдийн хувьд маш өндөр сахилга бат оролцоотой байх цаг үед огт болохгүй. Улсын төсөвтэй холбоотойгоор 33 их наядын асуудал яригдаж байна шүү дээ.
-Засгийн газрыг огцруулах нь зөв гэж үзэж байна уу, буруу юу?
-Засгийн газрын 100 хоногийн тайлан сонслоо. Маш сайхан ярьдаг л болж, мундаг зөв ярьж байна. Яриатай нь санал зөрөлдөх юм огт алга.
Гагцхүү амьдрал дээр бууж хэрэгжихдээ эсрэгээрээ буудаг. Энэ Засгийн газар шинээр бүрдэхдээ төрийн албыг 30 хувиар цомхотгоно, татвар, НДШ -ийн ачааллыг эрс бууруулна, татварын бааз сууриа тэлнэ, аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхлэх таатай орчин бүрдүүлнэ гэсэн. Гэтэл валютын ханш улам л өсөж, иргэдийн худалдан авах чадвар буураад байна. Инфляци өсөөд байна. Эрчим хүчний үнийг инфляцид тооцдог аргачлалд оруулахгүй хассан ч байх шиг. Бодит инфляци хөрсөн дээрээ 12 хувьтай байгаа. Ерөнхий сайдын ажлыг дүгнэнэ гэдэг бол улс төрийн дүгнэлтээр биш тоо л хэлдэг. Ажилгүйдэл буурахгүй, ядуурал буурахгүй, төгрөгийн ханш чангарахгүй, татвар, НДШ-ийн хувь хэмжээ буурахгүй байна. Энэ хэдэн тоон үзүүлэлтээр Ерөнхий сайдын ажлыг дүгнэнэ ш дээ. Олигтой ажиллаж байгаа нь хаа байна. Яагаад би энэ Засгийн газарт ороогүй юм. Яагаад гэхээр улс төрийн хувьд итгэл төрөхүйц биш байсан.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй, нэрийг нь хэлээд чичлээд яах вэ, хулгайгаараа алдартай хүмүүсийг Засгийн газарт оруулчихаад байхад би яаж Шадар сайдаар очих юм.
Үндсэн шалтгаан тэр. Би ийм Засгийн газарт орж чадахгүй л гэсэн.
-Төсөв хэлэлцэж байгаа цаг үед Засгийн газрыг унагах нь буруу биш үү. Засгийн газрын сайд нар 2026 оны төсвөө хамгаалж чадахгүй байна, энэ Засгийн газар удахгүй унана ч гэх?
-Би Засгийн газрыг төсвөө татаж ав л гэж хэлнэ. Яагаад гэхээр засаг засгийн залгамж халаа гэж бий. Холбоос нь Ардын нам л байхгүй юу. Л.Оюун-Эрдэнэ татвар, НДШ -ийг энэ ондоо багтааж буулгана гэсэн. Л.Оюун-Эрдэнийн ард Ардын нам л байсан. Г.Занданшатарын ард Ардын нам л байгаа. Хүний царай өөрчлөгдөж болно, бодлого өөрчлөгдөж болохгүй. Энэ төсвийг товчхондоо дүгнэхэд санхүү эдийн засгийн алдаатай бодлогын үр дагварын төлөөс нь 2026 оны төсөв. Түүнээс гарах шинэчлэл алга, өнөөх л бахь байдгаагаар улам л дампуурал руугаа шигдээд байгаа.
-Засгийн газар ойр ойрхон солигдох нь буруу юм биш үү?
-Муу юм тогтвортой байх ямар шаардлагатай юм бэ. Мууг нь мэдэж байгаа бол үтэр түргэн солихын төлөө л байх ёстой ш дээ. Муу юмыг тогтвортой байлгаж яах юм, ямар шаардлагатай юм. Хэрвээ засаг төрийг огцруулах асуудал орж ирэх юм бол миний хувьд өнөөдрийн Засгийн газрын бодлого үйл ажиллааганд таатай хандахгүй. Ялангуяа бүтэц бүрэлдэхүүн. Хэнийг хэлээд байгааг мэдэж байгаа ш дээ. Маш чадамжгүй хэдэн сайд нар.
-МАН намын даргаараа Д.Амарбаясгалан даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй байна. Намын даргыг сонгох процесс дүрмээ зөрчсөн гэдэг асуудал хүчтэй яригдаж байгаа. Ийм үед улс төрийн зарим намын дарга түүнд баяр хүргэсэн нь хэр зөв бэ?
-Улсын дээд шүүх бол Дээд шүүх дээрээ бүртгэлтэй байгаа тухайн намын дүрэм ягштал мөрдөгдөж үү гэдгийг хараад бүртгэдэг л асуудал ш дээ. Тэртэй тэргүй гуравны хоёроор намын даргын сонгоно гээд заачихсан. Тэр гуравны хоёрын биелэлтийг хангахын тулд хоёр шатны сонгууль явсан юм байна. Сүүлийн үед харж байхад нэг хүн өөрөө өөртэйгээ өрсөлдөж нэр дэвшлээ л гэлээ. Урьд нь Л.Оюун-Эрдэнэ ганцаараа л нэр дэвшсэн, санал хураалт явдгаараа яваад л намын дарга болсон. Яагаад гэвэл намын дүрэмд энэ тухай заачихсан. Н.Энхбаяр ганцаараа 100 хувийн саналаар намын дарга болж байсан. Сү.Батболдын үед Ө.Энхтүвшин дарга тэр хоёр өрсөлдөж байсан. С.Баяр даргын үед М.Энхболд тэр хоёр өрсөлдөж байсан. Байдаг л өрсөлдөөн шүү дээ.
-Та УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд МАН-ын даргаар сонгогдсонд нь баяр хүргэсэн үү?
-Би өнөө өглөө уулзаж, баяр хүргэсэн.





