МАН шинэ даргатай боллоо. Энэ нам гишүүдийнхээ насны үечлэлээр гурван бүлэгт хуваагддаг. Ахмад, дунд, залуу үеийнхэн гэж. Намын даргын өрсөлдөөнд нэг талаас ахмад ба дунд үеийнхний эвсэл, нөгөө талаас залуу МАН тэмцэлдэв. Ахмад ба дунд үеийнхэн эвсээд залуусаа барсангүй. Залуу МАН-ыг төлөөлөн өрсөлдсөн Д.Амарбаясгалан нэрээ татаж, бууж өгөөгүйгээс болон заалнаас золиосны тоглоомын нэр дэвшигч гаргаж ирээгүй нь өрсөлдөөн шударга болсныг харуулна. Өмнөх намын даргын сонгуулиудаас ялгарах хамгийн гол онцлог нь энэ сонгууль оригиналь сонгууль, гал гарсан тулаан байлаа.
Ц.Нямдоржийн хэлсэнчлэн МАН-ын асуудал яригдахаар хүссэн хүсээгүй төрийн хэрэг болдог, улсын хувь заяатай холбогддог гэдэг нь үнэн.
Өмнөх сонгуулиуд шиг 100 хувьд тулсан саналаар ялагч нь тодроогүй энэ сонгууль Монголын улс төрд өрсөлдөөний шинэ орчныг авчрах угтвар мөн. Нэр дэвшигч нь концепцитой, стратегитай байх учиртайг Д.Амарбаясгалан харууллаа. Өрсөлдөгч Г.Занданшаншатарын хувьд эдийн засгийн суурь гэх илт худал яриа үнэндээ концепци биш, стратеги бүр биш байлаа. Ахмад ба дунд үеийнхний эвслийн толгойлогч У.Хүрэлсүх энэ удаа тактикийн том алдаа гаргалаа. “Лхагвын тойм” ажиллагаа нь цөмөрсөн пиар болж өөрийн нэр дэвшигчээ нэгмөсөн хөмөрчихөв. Г.Занданшатарын улс төрийн кареерыг дуусгаж орхив.
Хэрвээ Нэгдүгээр хүн стратеги төсөөлдөг байсан бол ийм муйхар тактикийг тас цохих байсан юм. Зүй нь Д.Амарбаясгаланд сул өрсөлдөгч тоглоомын нэр дэвшигч хаяж өгсөн бол дунд үеийнхний жигүүр 2028 оны сонгуульд квотоо нэг их бууруулахгүй байх боломж байсан юм. Одоо бол дайн нэгэнт эхэлсэн. Арчуулна. Монголын улс төрд эргэлт гарч байна.
Залуу МАН улс төрийн талбай дээр ноёлох тоглолт хийнэ. Шавхагдсан нөөц У.Хүрэлсүхийн улс төрийн кареер гудайлтын мөчлөгтөө цагийн эрхээр орсон бус толгойлж буй дунд үеийнхний жигүүр нь бодлогын хүчин чадалгүйгээс хүний нөөцийн тоо бус чадваргүй байдлаас шалтгаалсан юм.
Үнэндээ У.Хурэлсүхийн хаанчлалын он жилүүдэд Монгол Улс Үндэсний бодлого, үндэсний стратегигүй явж ирсэн нь үнэн. Тэр байдлаа богино зайны тактикаар нөхөж байсан нь ч үнэн. Монгол хүний дайнч менталитетыг онилон, цэрэг хувцас, байлдааны болон ёслолын зэвсэгтэй фото мессежээр милитарист лидерийн хуурмаг дүр бүтээсэн нь бас л үнэн. Бүүр сонгуулиудад ялсан нь ч гашуун үнэн.Энэ олон үнэний дараа бодит үнэнд гүйцэгдэж олны дэмжлэг буурч, рейтингийн нөөц шавхагдав. Оргилоос буух ганцхан зам бий, тэр бэл рүү буух гэдэг Орос үг бий. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй үхэхдээ үхэр буугаа тавьсан нь Б.Энхбаярын оролцсон Лхагвын тойм” нэвтрүүлэг байдаг. Ажиллагаа амжилтад хүрсэн ч хүрээгүй ч намынхаа нэр төрийг шороотой хутгачихлаа. Энэ шороог намаасаа гөвж хаях ачаа Д.Амарбаясгаланд ирнэ.
Удирдагч хүсэн хүлээсэн Монголын ард түмэн У.Хүрэлсүхийг сонгуульд башир аргаар хүлээн зөвшөөрөхөд нь дуугүй байсан юм. Түүнээс биш тэрээр милитарист лидер биш, харизматик лидер бүр биш. Одоо тэр удирдагч биш болсон. Удахгүй улс төрийн тоглогч биш улс төрийн хүүр болно. Улс төрийн хүүр гэж улс төр судлалын ухаан нэр томьёо бий. Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрт улс төрийн манлайлагчийн хувьд язгуурын ялгаа бий. Д.Амарбаясгалан бол стратегич, У.Хүрэлсүх бол тактикч.
Д.Амарбаясгалан урт хугацааны холын бодлогыг тээгч бол У.Хүрэлсүх богино зайны маневраар улс төрийн тоглолт хийдэг гэсэн үг. Монголын улс төрд эргэлт гарлаа гэхийн учир энэ. Д.Амарбаясгаланд улс төрийн ноёлох хүчний тэргүүнээс улсын удирдагч болох үүрэг хариуцлага ногдож байна. Дэлхий даяарын ороо бусгаа энэ цаг үед хүчир хүнд сорилтууд түүнийг хүлээж буй. Гэхдээ шинэ удирдагч стратегийн тавилттай улстөрч гэдгээ залуугаасаа харуулсан. Монгол Улс Үндэсний бодлого, үндэсний стратегитай байж цагийн бэрхэд тэсч үлдэнэ гэж би итгэдэг. Одоо шинэ удирдагчийн намын ялалтын стратегийг одоо улс Үндэснийхээ тэсч үлдэх стратегийн гүйцэтгэл рүү ханцуй шамлан орох цаг. Монгол Улс хүчирхэг оршиг
Нийтлэлч ЧОНОС ОТГОННАСАН ГАНЗОРИГ





