нийгэм, соёл

ЭХ ОРНЫГ ИНФЛЮЕНСЭРҮҮД ЭЗЭЛЛЭЭ

Онигоо онигоо, Монголын сэтгүүл зүйн… Үнэндээ онигоо цаашаа болоод удаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Монголын сэтгүүл зүйн салбарын удирдлагууд ч өөрсдөө онигоо. Монгол Улсын дөрөв дэх засаглал бол сэтгүүл зүй. Энэ их том рейтинг шүү. Нэг үгээр хэлэх юм бол нийгэмд цочроо өгч буруу зөрүүг нь арилгах, сайн сайхныг нь магтан дуулах гэж сэтгүүл зүй оршдог байх. Энэ сэтгэлгээ өнөөг хүртэл сэтгүүл зүйд байсан. Гэтэл өнөөгийн сэтгүүл зүй ёстой онигоо боллоо. Шууд утгаараа шүү.

Монголын сэтгүүл зүйг цэвэр дэнсэнд тавих юм бол тогтож үлдэх сэтгүүлчид маш цөөхөн болжээ. Хэрэв сэтгүүлчдийг будаатай зүйрлэх юм бол дэнсний нүхээр унасаар байгаад ганц хоёрхон л ширхэг будаа үлдэх биз. Нөгөө талаараа Монголын сэтгүүл зүйн онол, бодлого гээч зүйлс үгүй боллоо. Үнэндээ нийгэм бүхэлдээ сэтгүүл зүйд итгэж чадахаа больсон. Энэ цаг үед гэнэт хаяа туурганы цоорхойгоор баахан нөхдүүд гараад ирсэн. Тэд чичлүүлж, доромжлуулж бас ч гэж өөрсдөө чичилж доромжилж сэтгүүл зүйд гүүр зам харгуйн нэг хэсэг болж явна. Үүнийг шууд утгаар нь хүлээж авах олны масс бий. Өнөө цагийн мэдээллийн гол тоглогчид бол яах арга үгүй тэд болоод байна. Энэ хүмүүс хэн бэ гэж үү. Тэднийг мэргэжлийн хэллэгээр хэлэх юм бол инфлюенсэрүүд./нөлөөлөгч/ Нөгөө талаасаа шинэ цагийн дипломгүй сэтгүүлчид гэж харж болно.

Хэн мэдээллийг олж байна. Хэн мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна. Хэн баримтыг цуглуулж байна. Хэн эдийн засгийн хараат бусаар зоримог дуугарч байна. Бид бодох, дүгнэх цаг болжээ. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэний халаасанд яваад байна вэ. Хэрэв хэн нэгний халаасанд яваагүй бол түүнийгээ тодотгож бататгаж иргэдэд харуулах цаг болжээ. Монголын сэтгүүлчдийн удирдлагын хөтөлсөн, хийсэн нэвтрүүлэг нийтлэл, дорвитойхон шиг ард түмнээ, эх орноо өмөөрсөн хамгаалсан санаа шийдэлтэй бүтээлүүд хаана байна. Яагаад өнөөгийн сэтгүүл зүй халаасандаа хэдэн төгрөгтэй улс төр ярьж гоншигносон “шалдан бацаан”-уудаас дор дуугараад байна. Сэтгүүлчдээ ёс зүйгээ хамгаалж үлдэе. Сэтгүүлчдээ үзэг зөв үнэн сэтгүүлчийнхээ замаар явъя. Эс тэгэхгүй бол бидний толгой дээр Д.Мөнх-Эрдэнэ, “дух” Цэцэг, “наймаачин” Ганаа, “орилоо” Отгонтогос, Осороо, Набо, Юмжирдулам нар гарчихсан биднийг жолоодож ард түмний тархийг угаасаар л байна. Энэ зам сэтгүүл зүйг устгаж байна.

Нөгөө талаараа сэтгүүлчид нь ёс зүйгээ алдаж эхэллээ. Ирээдүйн сэтгүүлч нарт мэргэжлийн сургууль бус хэрүүлчийн сургууль л хэрэг болохдоо тулаад байна. Сайн хэрүүлч хүнийг сэтгүүлч гэж ойлгодог цаг үе ирчихээд байна. Сэтгүүл зүй зөв бол сэтгүүлч шударга байна. Сэтгүүлч шударга байх аваас мэдээлэл үнэн зөв бодитой байна. Хэрэв энэ замаараа явах юм бол сэтгүүлч шоронд орохгүй, шороо долоохгүй. Үүнийг ойлгохгүй яваа болоод Монголын магнат сэтгүүлчид нь мэргэжлийн бусчууд болж хувираад байна. Нэг үгээр хэлэх юм бол Монголын лидер сэтгүүлчид мориндоо мордох цаг болжээ. Эс тэгвэл эх орныг инфлюенсэрүүд эзэллээ.

Сэтгүүлч: В.НЭРГҮЙ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *